Цаг үеийн мэдээ

"Ааваа зарна" гэсэн зар Шуурхай зар сонин дээр хэвлэгдэж олны анхаарлыг татсан. Харин тухайн зар нь киноны сурталчилгаа байсан гэж OI entertainment-ээс мэдээлсэн. ШӨХТГ-аас шалгалт хийн тухайн сонины газарт 5 сая төгрөгийн торгууль оноосон. ШӨХТГ-аас шалгалт хийсний үндсэн дээр утсаар ярьсан бичлэгт ноцтой мэдээллүүд байсан тул олон нийтэд түгээх эсэхэд шийдвэр гаргах хүсэлтийг Соёдын яаманд хүргүүлсэн байна. 

OI entertainment-ийн уран бүтээлчид "Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн учраас бид хариуцлагаа хүлээж байгаа. Түүнээс биш бултаж явсан зүйл огт байхгүй. Биднийг Цагдаагийн байгууллагаас өнөөдөр өдөр 12 цагт дуудсан. Манай уран бүтээлчид хөдөө зурагтай байсан учраас бага зэрэг хоцроод уулзсан. Зарим хэвлэл мэдээллээр биднийг хариуцлагаас зугтаад байгаа мэт ойлголтыг олон нийтэд хүргэж байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манайх тухайн сонины торгууль болох 5 сая төгрөгийг төлсөн байгаа. Гуравдугаар сарын 15-наас манайх киноны нээлт болно. Манай киноны сурталчилгаагаа буруу байж болох ч үзэгчдэд шал өөр зүйл ойлгуулахыг зорьж байгаа. Огт хүний наймааны асуудал байхгүй. Яагаад манай киног гаргахгүй гэж, үүнд тайлбар өгөөч" гэв.

Харин ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ "Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн, дээрээс нь зар тавиад удаагүй байхад олон ноцтой зүйлсийг ярьсан. Архаг хууч өвчтэй хүнийг 3 саяар үнэлдэг юм уу. Энэ нь үнэлгээ хийж байгаа хэлбэр биш үү. Хар тамхины талаар мэдээллэхдээ хүртэл маш болгоомжтой мэдээллэх ёстой байдаг. Сэдэл гэж юм байна. Та бүхний энэ киноны зар сурталчилгаа хэдэн хүнд ч сэдэл болсон байхыг үгүйсгэхгүй. Хуульчтай бол. Хуулиа мэддэг байх хэрэгтэй. Дээрээс нь киног гаргах үгүйг манай байгууллага шийддэггүй. Соёлын яамтай очиж уулз. ШӨХТГ-аас тэр утасны яриатай холбоотойгоор кинонд ямар нэг хүн наймаалахтай холбоотой яриа, хэсэг гарсан эсэх, олон нийтэд түгээж болох эсэхийг шалгаарай гэж л хүсэлт гаргасан" гэлээ.