Цаг үеийн мэдээ

ПЕТРОВИС ХХК-наас дараах мэдэгдлийг гаргажээ.

Өнөөдөр “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-оос хийсэн хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Хонгор “Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрний хажуугийн" Петровис "компанийн шатахуун түгээх газраас авсан чанаргүй бензиний улмаас машин эвдэрсэн” хэмээх мэдээлэл хийжээ. Энэхүү илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэлтэй холбоотойгоор компанийн зүгээс албан ёсны мэдэгдлийг гаргаж байна. Иргэн Г.Хонгор нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Петровис компанид хуурамч шатахууны асуудлаар гомдол гаргахад бид хүлээн авч уулзаад санал гомдлыг анхааралтай сонссон. Түүнд Петровис компанийн борлуулж буй шатахууны чанарыг баталгаажуулсан баримтуудыг гарган өгч шатахууны чанарт асуудал байхгүй болохыг нотолсон. Үүний дараа баримт, нотолгоогүй худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар тарааж, компанийн нэр хүндэд санаатайгаар халдсанд юуны түрүүнд харамсаж байна. Петровис Групп компани нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах 300 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан иргэд, хэрэглэгчдэдээ чанартай шатахууныг найдвартай, тасалдалгүй хүргэж ирсэн 80 жилийн түүхтэй, 2300 гаруй монголчууд хамтдаа ажилладаг өнөр хамт олон билээ. Бид анхнаасаа хуурамч шатахууны асуудлаар хатуу байр суурьтай байж, тэмцэж ирсэн. Хуурамч шатахууны асуудлаар "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” болон төрийн болон олон нийтийн байгууллага, иргэдтэй цаашид хамтран ажиллахад нээлттэй болно. Петровис Групп компани нь чанар, технологийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэн ажилладаг гэдгээ үүгээр дахин нотлон мэдэгдэж байна.