Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.03.05/ МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Тус хуралд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо болон МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүд, харьяа байгууллагуудын төлөөлөл 60 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос 2020 онд явуулсан үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, цаашдын зорилтын тухай”, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооны  2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийн тухай”, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл “Хяналтын хорооноос 2020 онд явуулсан үйл ажиллагаа”-ны тухай илтгэлийг тус тус мэдээлэв. Тус хурлаар өөр ажил албан тушаалд шилжсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн  зарим гишүүдийг чөлөөлөх, шинээр сонгож батлах тухай, 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийг хэлэлцэн батлав.

Тодруулбал Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны, Монголын Эрүүл мэндийн ажилтны, Монголын Төмөр замчдын, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбоодоос ирүүлсэн саналын дагуу Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны дарга А.Бурмаа, Улаанбаатар зүтгүүрийн депогийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Чинбат, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны Л.Цагаан нарыг Ерөнхий зөвлөлийн гишүүнээс, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нарыг Ерөнхий зөвлөлийн болон тэргүүлэгч гишүүнээс тус тус чөлөөлж, Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Баатарсүх, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Х.Ариунаа нарыг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгож баталлаа.

Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын “МҮЭ-ийн холбооноос 2021 онд явуулсан үйл ажиллагаа, үр дүн, ойрын үеийн зорилтын тухай” илтгэлийг хэлэлцэж,  МҮЭ-ийн холбооны XXII их хурлаар баталсан Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй ажлын хүрээнд илтгэлд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг сайшаан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурлаас бүх шатны гишүүн байгууллагуудад таван үйл ажиллагааны чиглэлийг үүрэг болгов. Тухайлбал аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоод  бага хурлуудын бэлтгэлээ сайтар ханган зохион байгуулах, дүрмийн хэрэгжилт, дотоод үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэх, Иргэдийн цалин орлого, ажлын байрыг хадгалах, хамгаалах, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх асуудлуудыг хамтын гэрээ, хэлэлцээртээ тусган  төр, засгаас шаардаж, идэвх санаачлагатай ажиллах, сургалт, сурталчилгааг өргөжүүлж, цахим хэлбэрийн сургалтыг явуулах түүний техникийн нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг онцгойлон анхаарч, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах асуудлаар нийгмийн түншлэгч талуудтай нягт хамтарч ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн даатгалын багц хууль болон холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ҮЭ-ийн байр суурь, саналыг боловсруулахад идэвх санаачлагатай ажиллах чиглэл бүхий тогтоолыг баталжээ. Түүнчлэн тус тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч /С.Эрдэнэбат/, Ерөнхий нарийн бичгийн дарга /Г.Адъяа/ нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч /Х.Амгаланбаатар/-д даалгажээ.