МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Ариунаад өөрийн цахим хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
МУГЖ Төмөрийн Ариунаа эгчдээ мэндчилгээ өргөх нь:
Хорвоод анх мэндлэхэд чихэнд тань шившиж шивнэсэн анхны бүтэн үг, тавилан заяанд тань олгогдсон анхны бүтэн нэр, эцгийн тань ерөөж оноосон "Ариунаа" хэмээх эрхэм алдраа хэзээд сэвтүүлэлгүй, үргэлж өргөн мандуулж, ямагт дуурсгаж явдагт тань бахдан талархюу!
Бүрэнхий шөнийн уртад өлгийтэй бяцхан Ариунааг уйлахад нь элгэндээ тэврээд "бүү-ай, бүү-ай..." хэмээн дуулж хар муу бүхнийг үргээж, хайр энэрэхүйн түмэн ерөөл шингэсэн анхны дууг тань сонсгож, уяран хайлж ширгэлэн суусан тэр л сайхан хатан гоо Монгол ижийд тань бишрэн мөргөм үү!
Танд хорвоод мэндэлсэн өдрийн гал цогтой мэндийг хүргэе!
Халамжит хань, хайртай үрсүүд, халуун бүлд тань дээдийн дээд гэгээн цагаахан бүхнийг хүсэн ерөөе!
Мэхийн ёсолсон: дүү Самандын Жавхлан