Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутаг, “Барс” худалдааны төвийн арын зам дагуу байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ жил тус цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт буюу 2,2 га талбайд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр дүүргийн ЗДТГ болон УБТЗ ХНН-ийн хамтран нийт 425.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн юм.

Гэтэл 2009 онд Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр барилга, зам талбай байгуулахыг хориглосон тус талбайд дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж буй “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины ил зогсоол байгуулах ажлыг энэ оны зургадугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн юм. Үүнийг дүүргийн ЗДТГ болон холбогдох төрийн байгууллага, иргэд, оршин суугчид эсэргүүцэж улмаар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр дээрх хууль бус үйл ажиллагааг зогсоогоод байна.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар (НМХГ), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Төмөр замын хоёрдугаар ангиас ажлын хэсэг байгуулж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцлаа.  Мөн холбогдох байгууллагуудад хууль журмын хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг хүргүүлээд байгаа юм.