Цаг үеийн мэдээ

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” компанийн судлаач, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдтай уулзаж саналуудаа танилцуулсан тухай мэдээлж байсан.

Тус компанийнхан НЭМҮТ-ийн удирдлага, эрдэмтэд судлаачидтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Ингэснээр Ковид-19 цар тахлын үед “К2LBIO” компани Монгол Улсад хийгдэж байгаа коронавируийн мутацын оношилгоо, эмчилгээг дэмжих, оношилгооны иж бүрдэл нийлүүлэх, түргэвчилсэн оношлуурын хамтарсан үйлдвэрлэл явуулах түүнчлэн нисэх онгоцны буудал, хил орчмын бүсэд CRDS буюу Ковид-19 шуурхай илрүүлэх системийг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор ажиллахаар болж байна.

Тухайлбал, тус компани хоёр цагийн дотор хариу нь гарах PCR шинжилгээний багцын үйлдвэрлэлийг эхлүүлэх, мөн мутацид орсон коронавирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах боломжтой бөгөөд өөрийн технологио манай улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх болно гэдгээ Эрүүл мэндийн сайдад илэрхийлсэн юм.

Коронавируст цар тахлын үед НЭМҮТ болон “K2LBIO” компани хамтран ажилласнаар монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб