Хурд хамтлагийн “Бүсгүй” дууны клипээр саяхан үзэгчидтэй уулзсан жүжигчин Б.Хулангийн On&On подкастыг сийрүүлэн уншигч та бүхэндээ хүргэж байна
Н.О Сайн байна уу? Сүүлийн үеийн амьдрал, уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаад яриагаа эхлүүлье
Б.Х Сүүлийн 2, 3 жил нам гүм байлаа. Хурд хамтлагийн клипэнд тоглоод, уран бүтээл хийх тэр гоё мэдрэмжээ эргэж авсан, үнэхээр сайхан байсан.
Н.О Хошин урлагийн ертөнцөөс 10 гаруй жилийн өмнө холдсон. Гарсан шалтгаан нь юу байсан бэ? Дахиж хошин урлагт хүч үзэх хүсэл бий юу?
Б.Х Би 5,6 жил X tuts хамтлагийн жүжигчин байсан. Хамтлагаас гарсан шалтгааныг хүмүүс буруугаар ярьдагт нь харамсаж явдаг. Намайг гавьяат И.Одончимэгийн гэр бүл болох Т.Бархүүтэй хайрын холбоо үүсгэсэн учраас, хамтлагаас хөөгдсөн мэтээр ярьдаг. Яг тэр үед “Болсон явдал” киноны үеэр Т.Бархүү бид хоёрын авхуулсан хуримын даашинзтай зургийг сайтууд тавьж, үнсэлцэж байгаад баригдсан гэж бичиж байсан. Уг нь Т.Бархүү бид хоёрын хооронд ямар ч тийм холбоо байхгүй, би хамтлагаасаа өөр шалтгаанаар, хүсэлтээрээ гарсан. Одноо эгч, Бархүү хоёр ч гэсэн тийм зүйл болоогүй гэдгийг нийтэд хэлчихээсэй гэж хүсдэг. Худал яриа хэдий ч одоог хүртэл миний нэртэй холбогдож явдагт нь харамсдаг.
Н.О Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу? Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
Б.Х Ээж, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, ганц бие ээж. Зөв амьдрахыг хичээдэг. Гэхдээ амьдрал юм хойно алдаа оноо байна, би өмнө нь хоёр амьдралтай байсан. Миний амьдрал олны нүдэн дээр байдаг учраас бүх алдааг хүмүүс надаас хайдаг, гэтэл алдаа зөвхөн нэг талаас байдаггүй шүү дээ. Энэ бүхнийг гэхдээ нийтэд тайлбарлаад, өөрийгөө зөвтгөөд явах хүсэл байдаггүй. Намайг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй шүү дээ, би өөрийн зөв бурууг мэдэж байгаа нь л хангалттай.
Н.О Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байна? Эр нөхөр болох хүндээ ямар шаардлага тавьдаг вэ?
Б.Х Энэ талаар бас судалж байгаа шүү, “Эрчүүд муу эмэгтэйг хайрладаг” гээд ном уншсан. Уншиж байхдаа яг би байна, ийм алдаанууд гаргаж байж гээд л уулга алдан, олон зүйлийг ухаарсан. Тухайлбал би нилээд зөөлөн талдаа хүн, нөгөө хүндээ хаана явж, юу хийж байна гээд л бүх юмаа дэлгэчихдэг, бүх юмаа нэг л мэдэхэд зориулчихдаг. Гэтэл эрчүүдээс авсан судалгаагаар, дэлгэсэн ном шиг ойлгомжтой, араас нь бөөцийлөөд байдаг эхнэр, эр хүнд ээжтэй нь адил санагддаг учраас татагдахаа больдог, тайвширдаг юм байна.
Ирээдүйн эр нөхөртөө шаардлага тавихгүй байгаа. Яг ийм хүнтэй сууна даа гээд дотроо дэндүү их төсөөлж байтал бодит амьдрал дээр тэр хүн нь гарч ирэхгүй болохоор сэтгэлээр унах тохиолдол бий. Тиймээс намайг, миний бүх зүйлтэй, үр хүүхэдтэй минь хамтад нь хайрлаад аваад явах тийм л хүнийг сонгох болов уу.
Н.О Та аз жаргалтай эмэгтэй мөн үү?
Б.Х Би өөрийгөө дандаа асч, аз жаргалтай явсан гэж хэлэхгүй. Асах, унтрах ээлжилдэг хорвоод өөртэйгээ ажиллаж, унтарсан үедээ асаах аргаа мэддэг байх ёстой юм билээ. Тухайлбал сая ковидын үед ном уншиж, подкаст сонсч, онлайн бясалгалд явж, хумсаа хүртэл өөрөө янзалж сурсан. Хамгийн чухал нь өөрийнхөө сул болон давуу талыг жагсааж бичээд, сул талуудаа давуу тал болгож эхэлсэн. Сүүлийн үед биеийн жин дээр онцгой анхаарч байгаа. Аливаа зүйлийг төлөвлөсөн бол 5 тоолоод шууд хийж эхлэхгүй л бол маргааш, эсвэл дараа гэж хойшлуулахаар хүч нь саараад хийхээ больдог. Тиймээс ковид гайгүй болж, фитнесст явтлаа гэж хойшлуулалгүй өдөр тутмын хооллолтондоо анхаарч, гурилан бүтээгдэхүүнээ багасгасан, бага багаар ойрхон идэж байгаа.
Бас нэг анзаарсан зүйл бол би өмнө нь бусдад тааруулж, өөрийгөө өөлж амьдарсан юм билээ. Бусдад таалагдахын тулд өөрийгөө хэвэнд оруулчих гээд, жинхэнэ Хулангийн хүсэл сонирхлыг золиослох үе олон байсныг олж хараад, өөрийгөө чөлөөлсөн, өөрийгөө хайрлаж, өөрийнхөөрөө байх болсон нь надад эрх чөлөөг олгосон.
Н.О Мөнхийн залуу тодотголтой олны танил бүсгүйчүүдийн тоонд өөрөө ордог. 10 гаруй жилийн өмнө тоглосон Болсон явдал киноныхоо үеэс огт өөрчлөгдөөгүй гэгддэг юм билээ. Залуу насаа хадгалж буй нууцаа хуваалцвал?
Б.Х Маш их баярлалаа. Хүмүүсээс бас тэгж сонсч байсан. Манай аав ээж, эгч ер нь овор багатай хүмүүс байдаг, тэгэхээр удмын онцлог байдаг байх. Бага байхдаа том эгч шиг харагдах дуртай байлаа, байнга өсгийтэй гутал өмсдөг, гэтэл одоо эсрэгээрээ илүү залуу харагдахыг хүсдэг болсон. Арьс арчилгааны хувьд Монгол бүтээгдэхүүн голлон хэрэглэдэг.
Н.О Урлагийнхныг галзуу, тас тас инээсэн бүсгүйчүүд байдаг гэж ярилцдаг. Өөрийн тань хувьд дотор хүн чинь ямар хүн байдаг вэ?
Б.Х Би даруухан талдаа. Бусдаас өөрийгөө бага зэрэг тусгаарладаг, жүжигчин хүн байж нээлттэй байгаач гэсэн шүүмжүүд гаднаас ирдэг ч би хэт нээлттэй, галзуу, тачигнатал инээсэн болчихвол Хулан Хулан биш болчихно шүү дээ.
Н.О Ковидын үеийг хамаг юм хязгаарлагдлаа гэж галзуурч болно, бас гал цогтой өнгөрөөж ч болно. Ер нь хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн энэ хэсэг хугацааны амсхийлт өөрийн тань хувьд хэрхэн нөлөөлж байна вэ?
Б.Х Өсвөр насны охинтойгоо дотно найз болж чадсан нь хөл хорионы үеийн хамгийн том ололт минь байлаа. Хуучин бол урлаг, уран бүтээл гээд салхи шуурга шиг гараад явчихдаг байсан, сүүлийн 2 жил охинтойгоо ойр байж, ээж охины нандин харилцааг нэг шат ахиулж чадсандаа үнэхээр баяртай байна. Бид хоёр бүх сэдвийн хүрээнд ярилцаж чаддаг болсон. Хүүхэдтэйгээ нээлттэй байна гэдэг нь ирээдүйд учирч болох эрсдлүүдээс хамгаалах, хамтдаа даван туулах боломжийг олгоно гэдгийг ойлгосон.
Өсвөр насных нь энэ эгзэгтэй үед хажууд нь байж чадалгүй алдчихвал дараа нь ойлголцох, итгэлцэх цаг хугацаа эргэн ирэхгүй. Ярилцъя гээд гуйсан ч өмнө нь та хаа байсын гээд л нүүрний өмнө хаалгаа хаах байлгүй.
Н.О Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаач?
Б.Х Шинэ уран бүтээлд орохоор бэлтгэл хангаж байгаа. Өөрийгөө сорьж үзэхийн тулд нэг уран бүтээлийг гардаж хийхээр төслөө бичиж байна.
Мөн өмнө нь бүтээж байгаагүй дүрд тоглож үзэхийг хүсч байна, тухайлбал түүхэн, тулаант эсвэл эсрэг дүрд тоглох сонирхолтой.
Н.О Баярлалаа таньд, удахгүй шинэ уран бүтээлүүдээр нь уулзахын ерөөл тавья.
Б.Х Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье