Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгууллаа. Тус хурлаар Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулав. 

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. 

-Замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах, 

-Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллах, 

-Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг тус, тус даалгасан байна.