Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2021.09.17/ зохион байгууллаа.

Уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж, хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар Засгийн газрын баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулга хийлээ.

Тэрээр эдийн засаг, бизнесийн хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагаа дагаад хувийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, нөгөө талаас бизнесийг дэмжсэн төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь бизнес амжилттай эрхлэх хамгийн чухал шалгуур үзүүлэлт болохыг онцлон тэмдэглэлээ.  ХЗДХЯ-ны зүгээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг гурван бүлэгт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Нэгдүгээрт хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хоёрдугаарт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, энэ хүрээнд иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, гуравдугаарт олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах нь чухал юм.

ХЗДХЯ хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд оюуны өмчийн багц хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар батлуулаад байгаа бол иргэн болон барьцаалан зээлдүүлэх газраас олгох Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Монгол Улсад бизнес эрхлэхэд хэр таатай вэ, эрх зүйн орчин хэр хангалттай вэ гэдэг асуултын хүрээнд Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны статистикаас харахад “гэрээний хэрэгжилтийг хангах”, “дампуурлыг шийдвэрлэх” шалгуур үзүүлэлтээр манай улсын эрх зүйн орчин хангалтгүй байна.

Гэрээний хэрэгжилтийг хангах шалгуур үзүүлэлтийн хувьд арилжааны маргааныг тусгайлан шийдвэрлэх институц байгаа эсэхийг голчлон анхаарч үнэлдэг бөгөөд манай улсад өгсөн үнэлгээгээс арилжааны шинжтэй маргааныг иргэний хэрэг маргаанаас ялгаатай, онцлог журмаар шийдвэрлэх дэд бүтцийг бий болгох шаардлага үүссэн гэдгийг харж болохоор байна. Уг асуудлыг арилжааны дагнасан шүүх байгуулах, эсхүл иргэний шүүхдээ арилжааны хэргийн танхим байгуулах, зарим нарийн төвөгтэй арилжааны маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх, шүүгчдийг мэргэшүүлэх, шүүхийн дэргэд шинжээч ажиллуулах гэх зэрэг арга замууд байна.

Монгол Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль болон тусгайлсан хуулиуд /Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Дампуурлын тухай гэх мэт/-аар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцааг цогц байдлаар зохицуулсан эрх зүйн тогтолцоо байхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд аж ахуй эрхлэгч болон хэрэглэгч хоорондын, эсхүл иргэд хоорондын харилцааг илүүтэйгээр зохицуулсан бөгөөд аж ахуй эрхлэгчдийн хооронд үүсэх бизнесийн онцлог харилцааг зохицуулсан хэм хэмжээг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тодруулах шаардлагатай байгааг хэллээ.

Үргэлжлүүлэн арилжааны хуулиас гадна Хэрэглэгчийн гэрээний тухай, Шүүхийн бус журмаар өр авлага барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг шинээр, Дампуурлын тухай (Төлбөрийн чадваргүйдлийн тухай), Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай зэрэг хувийн эрх зүйн салбарын 10 гаруй хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

Мөн “Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг зөвхөн хууль тогтоомжийг боловсронгуй болгосноор бус эрх зүйн харилцаанд үүссэн аливаа асуудлыг шүүгч, өмгөөлөгч, хуульч, судлаачид хуулийн үзэл санаа, зорилгод нийцүүлэн тайлбарлаж хэрэглэх замаар бодлогын шинэтгэлд идэвхтэй оролцож манлайлах ёстой. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль дээдлэх ёсыг хангахын зэрэгцээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, техникийн дэвшил, иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж ажиллах хэрэгтэй” байгааг дуулгаад эрх зүйн чиглэлээрх боловсон хүчнээ үе шаттайгаар бэлтгэх хэрэгцээтэй байгааг салбарын сайд онцлоод, эдийн засаг, арилжаа, бизнесийн чиглэлээр шүүгч, хуульчдыг мэргэшүүлэх, бэлдэх асуудлыг  “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” хүрээнд тусгаж, хувийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг хуульч, судлаачдад судалгааны тэтгэлэг олгодог хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн уг санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.

Эцэст нь тэрээр хувийн эрх зүйн шинэтгэл, тэр дундаа хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлого цаг үеийн хөгжлөө даган тасралтгүй үргэлжилж байх ёстой, ингэхдээ эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилж, өөрийн орны онцлогийг харгалзан эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд бизнес эрхлэх эрх зүйн орчин зогсолтгүй хөгжиж, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлж, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэж, улмаар Монгол Улсын Бизнес эрхлэхүй индекс (81/190), Эрх зүйт ёсны индекс (57/128), Авилгын индекс (111/180), Аз жаргалын индекс (70/149) сайжирч, тогтмол урагшлах ёстой” гэдгийг хэллээ.

Тус уулзалтад шүүгч, өмгөөлөгч, хуульч, судлаачдаас гадна бизнесийн салбарын 70 гаруй төлөөлөгчид оролцож, хувийн эрх зүйд тулгамдаж байгаа асуудал, түүний шийдлийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.