Цаг үеийн мэдээ

Коронавирусийн цар тахлаас улбаалан олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, кино театрууд хоёр жил орчим хугацаанд хаалттай байсан. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрөөс УОК, НОК-ын зүгээс кино театрууд тал хувийн дүүргэлттэйгээр ажиллахыг зөвшөөрч ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг үүрэг болгосон. Ийн нээгдсэн хэдий ч, удаан хугацаанд ажиллаагүй учир үзвэрээс олсон орлогоороо зөвхөн ажилчдынхаа цалинг тавьж байгаа тухай тэд ярилаа.

Cinemanext кино театрын зохион байгуулагч Б.Отгонсүрэн: "Cinemanext кино театр нь наймдугаар сарын 27-ноос эхлэн “Хариуцлагын гэрээ” хийснээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид хоёр жил гаруй хугацаанд ковидын улмаас ажилгүй байсан учир 50/50 хувийн дүүргэлттэйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хоёр цаг тутам кино танхимуудаа ариутган үйл ажиллагаагаа явуулж байна.

Cinemanext кино театрын ажилтан: "Үйлчлүүлхээр орж ирсэн иргэд гар утсаараа QR код уншуулж, уншуулах боломжгүй иргэд халуунаа хэмжүүлж гараа ариутгаад, регистр болон гар утасны дугаараа тэмдэглүүлээд үйлчлүүлж байна. Кино теарт орж ирж байгаа хүмүүс 50 хувийн дүүргэлттэй байгаа учир цөөн тоогоор үйлчлүүлж байна"

Иргэн Б.Санчир: "Кино театр ашиглалтад орсон цагаас хойш их сонссон ч, ирж үзээгүй байсан. Өнөөдөр гэр бүлийнхээ хүнтэй хамт кино үзэхээр анх удаа үйлчлүүлэх гэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас кино театрууд хаагдаж, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй, ихэвчлэн хорионд байсан. Кино театрууд нээгдснээр залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, стрессээ тайлж байгаад баяртай байна"

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 

 

 

Таны сурталчилгаа