Цаг үеийн мэдээ

Улсын Хүүхэлдэйн театр Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэдээ үндэсний соёл, уламжлалыг таниулах, Монгол хүүхэлдэйн баатрыг бий болгож хөгжүүлэх, эх орноороо бахархах, үнэнч шударга үзлийг төлөвшүүлэх зорилготой бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн жүжиг, телевизийн 30 ангит хүүхдийн нэвтрүүлгээс бүтсэн “Пөөдөө” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд зохиолын судалгаа, кино болон жүжгийн зохиол бичих, дүрийн хөгжүүлэлт, хүүхэлдэйн болон тайз, павильон үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, зураг авалтын ажлыг бүрэн хийж дуусгалаа.

 “Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий продюсерээр Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, зохиолч, ерөнхий найруулагчаар О.Батзориг, хүүхэлдэйн найруулагчаар М.Ариунтуяа, ерөнхий зураачаар Г.Алтаншагай, С.Энх-Од, Ерөнхий зураглаачаар Ц.Цэрэндорж /Dream Entertainment/, компьютер график Ш.Тансаг нар ажиллалаа.

Тус уран бүтээлүүдийг Соёлын яам, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон холбогдох төрийн захиргааны байгууллага, хүүхдийн уран бүтээл үйлдвэрлэдэг театрууд, зураач, урчууд, түүхчид, судлаачидтай хамтран бүтээж байна.

“Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны кино 2021 оны 12 дугаар сард нээлтээ хийнэ.

Таны сурталчилгаа