Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ажилтнууд дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын аж ахуй нэгж, компаниудыг нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Дэлхий дахинд коронавируст цар тахлыг даван туулахын тулд нийтээрээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэйг уриалж байгаа. Монгол Улсын хувьд нэг болон хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын идэвх өндөр байсан. Харин дархлаа сэргээх нэмэлт тундаа маш яаралтай хамрагдах шаардлагатай байна. БНХАУ-тай хиллэж буй манай улсын боомтуудыг нэн яаралтай нээлгэхийн тулд халдварын тархалтыг бууруулан, нийтээрээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Тиймээс МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болоод нийт бизнес эрхлэгч та бүхэн албан хаагчдаа нэмэлт гуравдугаар тунд хамруулаарай гэж уриалмаар байна. Ингэснээр эрүүл мэнд болоод эдийн засгаа хамгаалж, бизнесээ ямар нэг хязгаарлалтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” хэмээн уриалж байлаа.