Цаг үеийн мэдээ

Монгол орны 330 суманд зөөврийн номын сан байгуулахаар хэсэг залуус нэгдэж “Magic Box” төслийг санаачилсан. Төслийн нээлтийн үйл ажиллагааг дэмжиж хувь нэмрээ оруулахаар “The Open Mic Mongolia” ээлжит арга хэмжээгээ мөн зохион байгуулж байна.  Дуу, хөгжимд дуртай Д.Энхтайван 2009 оноос хойш “The Open Mic Mongolia” арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тэрбээр дуулах сонирхолтой, мөрөөдөлтэй боловч түүнийгээ хараахан биелүүлж чадаагүй яваа залууст олон хүний өмнө гарч дуулах боломж олгохоор шийдэж уг арга хэмжээг задгай талбайд зохион байгуулж эхэлсэн. Д.Энхтайван хүмүүсийг дуулах орчин, мэргэжлийн хөгжим, техникээр хангаж өгдөг ба 12 жилийн хугацаанд 600 гаруй удаагийн арга хэмжээг зохион байгуулжээ. Тэрээр Монгол орны 21 аймагт энэхүү арга хэмжээгээ тогтмол зохион байгуулдаг болохыг зориж байна. Монгол улсын Боловсролын их сургуулийн оюутан М.Ариунзаяа: "Би Монгол улсын боловсролын их сургуулийн Хөгжмийн багшийн ангид сурдаг. Дуулах маш сонирхолтой. Ээж маань надад бага байхаас минь уртын дуу зааж өгсөн. Ээж маань мэргэжлийн дуучин биш ч гэсэн өөрийн сонирхдог зүйлээ надад өвлүүлж, уртын дууг зааж өгсөн. Би уртын дуу дуулах дуртай болохоор сурч чадсан"

“Magic Box” номын сангийн төслийн санаачлагч Б. Цолмон:"Open Mic" нь хүн гаднаас нь харахад заримдаа цөөхөн хүн цугласан юм шиг харагддаг. Заримдаа маш олноор нь Энхтайван хүмүүсийг цуглуулж чаддаг. Жишээ нь өнөөдрийн арга хэмжээн дээр 50 орчим хүн цугларах шиг боллоо. Манай “Magic Box” номын сангийн төсөл өнөөдөр нээлтээ хийж байгаа. Энэ арга хэмжээг Энхтайван найз маань хамтраад, надад туслаад Open Mic өдөрлөгөө зохион байгууллаа. Хүүхдүүд цүнх дүүрэн номтой ирээд номоо хандивлаад, бас дуугаа дуулчихаад явж байгаа. Энэ маш хөөрхөн. Энэ маань өөрөө нийгмийн хариуцлагын хүрээнд нүүдлийн номын сан хийж байгаа гэдэг мессежийг олон нийтэд дуугаар болон номоор дамжуулж түгээхэд маш их тус болж байгаа зүйл. Хүүхдүүдийг номонд дуртай болгох хэрэгтэй.

“The Open Mic Mongolia төслийн санаачлагч Д.Энхтайван: "Анх Open Mic бий болсон хугацаа нь 2009 оноос эхэлсэн. Бөэрний гээд нэг гадаад хүн, Золоо гээд бас нэг ах маань  хамтдаа хүүхдүүдэд хөгжим зааж эхэлсэн. Би тэдэнд туслаад хамт явж байсан.  Ах нар маань маш гоё зүйл сэтгэж хийж байгаа нь миний дотор байсан багын мөрөөдөлтэй нийцэж байсан. Хөгжим сураад маш их урамшиж байгаа хүүхдүүдэд дуулах хэрэг гарч байгааг би анзаарч хараад би ах нартаа санал  тавьсан. Хөгжим сурсан хүүхдүүддээ зориулаад нэг өдөр гаргаад, нээлттэй хүмүүсийг дуулуулдаг болгож үзэх үү гэсэн. Эхний удаа зохион байгуулж үзэхэд маш гоё байсан.  Түүндээ урамшаад 7 хоног бүр зохион байгуулахаар шийдээд хийж эхэлсэн. Санааны хувьд дэлхий даяар нээлттэй арга хэмжээ зохиогоод хэн ч хаана ч хамаагүй хөгжим тоглоод найз нөхдөөрөө дуулдаг. Гэвч бидний гол зүйл нь  тууштай, тогтмол явуулж удаан хугацаанд зохион байгуулснаар гэр бүл шиг маш том хүрээлэлтэй болсон" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

 

Таны сурталчилгаа