ДБЭТ-ийн ахмад балетын жүжигчин А.Батдэлгэр нь ЗХУ-ын Ленинградын А.Я.Вагановийн нэрэмжит балетын академийг төгсөж ирээд 1972 оноос эхлэн Дуурийн бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн түүхтэй. Тэрээр ДБЭТ-т ажиллах хугацаандаа 1972-1992 онд Балетын жүжигчин 1997-2000 онд Англи улсын “European ballet” компанид дасгалжуулагч багш, 2001-2018 онд туслах балетмейстер, хөгжмийн редактор зэрэг албан тушаалуудыг хашиж байсан авьяаслаг уран бүтээлч юм. А.Батдэлгэр нь балетын жүжигчнээр 30 жил ажиллахдаа дэлхийн сонгодог болон үндэсний сонгодог олон арван балетын гол дүрүүдийг чадварлаг бүтээж үзэгч олноос талархал хүлээж байсан шилдэг уран бүтээлч билээ. Мөн Буриад Улсын Улан Удэ, Улаанбаатар хотод “АРВАН ХОЁР ЖИЛ” балетыг дэглэн найруулсан, 2007 онд Үндэсний сонгодог бүтээл “ГЭСЭР НОМУН ХАН” балетын цомнол хөгжмийг бичиж өөрөө дэглэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон олон талын авьяастай гайхалтай уран бүтээлч юм. А. Батдэлгэрийн авьяас билэг, ур чадварыг өндрөөр үнэлж, Үндсэн хуулиа баталж, Монгол улсаа тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ”цолоор шагнажээ.