Цаг үеийн мэдээ

2021 оны отгон өдөр Соёлын Сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан нар Монголын Үндэсний музейд зочилж, “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэн, "ХҮННҮГИЙН АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТҮҮД" болон "БИЛГЭ ХААНЫ ЭРДЭНЭС" үзэсгэлэнгүүдтэй танилцлаа.  Энэ үеэр Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Соёлын Сайд Ч.Номинд Соёмбын утга бэлгэдэл бүхий торгон өргөмжлөл, үзэсгэлэнгийн каталогийг дурсгал болгон гардуулав.   

“МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэн нь төрийн бэлгэдлийн нэг СОЁМБО түүнтэй холбоотой соёлын өв дурсгалуудыг нэгэн дор цуглуулж олон нийтэд анх удаа толилуулж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Үзэсгэлэнд цуглуулагч Б.Амарсанаагийн цуглуулганд буй “Мянган бурханы тамга”, “Өндөр Гэгээний шүтээн зураг”, Өндөр Гэгээний “Өлзийт зургаан үсэг”, Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан “Шамбалын ерөөл” хэмээх модон ном, “Азарын цамын баг” зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, VIII Богд Жавзандамба хутагтын төрийн ёслолын хүрэм, Богд хаанд өргөсөн “Сүх”, “Монгол Улсын төрийн далбаа”, “Алтан соёмбот морин хуур” зэрэг нийт 100 гаруй үзмэр цуглуулга багтсан болно.