Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 13 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  7 хүн  гэмтсэн байна.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн  гэмтсэн байна. 

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь  явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас Нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2% явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна. 

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.

Энэ 7 хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  11 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Дээрх 12 ослын 2 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол 7 нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна. 

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.