Цаг үеийн мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон өнөөдөр төрийн дээд цол гардсан шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны үндэс суурь нь болсон Үнэт цаасны хорооны анхны дарга Ж.Ядамсүрэн Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохилдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар гавьяат эдийн засагч цол гардсан юм.   

Тэрбээр хорооны хамт олонтой уулзах үеэрээ “Үнэт цаасны хорооны анхны дарга болсноор эх орондоо цоо шинэ санхүүгийн зах зээлийн харилцааг үүсгэн төлөвшүүлэх үйлсэд амьдралынхаа ихээхэн цаг хугацаа, хүч мэдлэгээ зориулах завшаан надад тохиосон. Миний хувьд Үнэт цаасны хорооныхоо эрх зүйн үндсийг зөв тавих, үнэт цаасны зах зээлийн сайн мэргэжилтнүүд бэлтгэхэд илүүтэй анхаарч ажилласан” хэмээн өгүүлэхийн зэрэгцээ “Салбарынхаа ирээдүйг маш өөдрөгөөр харж явдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж буй зөв, үр дүнтэй бодлого, зохицуулалтын дэмжлэгтэйгээр өнөөдөр хөрөнгийн зах зээл сүүлийн 30 жилд байгаагүй өндөр амжилтыг үзүүлж чаджээ. Энэ бол асар том дэвшил” гэдгийг хэлсэн.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлд тань гүнээ талархал илэрхийлэхийн хамт өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл, итгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж бүтээж хөдөлмөрлөж яваа Таниараа хамт олон нь бахархаж байна” гэдгийг онцлоод эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Санхүүгийн зохицуулах хорооны 5 дахь гавьяат тэрбээр Үнэт цаасны хорооны анхны даргаар ажиллахын зэрэгцээ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.