Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтад оролцогчдод хандаж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯРЫН хэлсэн үгийг хүргэж байна. 

Эрхэм генерал, офицерууд аа, 

Та бүхний энэ өдрийн амрыг эрье. 

ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа энэ удаагийн Стратегийн цугларалтаар “Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлт” сэдвийг сонгон авч явуулж байна. Цугларалтын сэдвийн энэ сонголт хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай гэж үзэж болно.  

Нэгд, төрийн цэргийн бодлогын шинэ баримт бичиг болох “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ээр “Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлнэ” гэсэн Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ стратегийн зорилт дэвшүүлээд хэрэгжүүлэх ажил өрнөж байна. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги нэг бүрд тайван цагийн бүтэц, зохион байгуулалтаараа байлдааны болон хуулиар тогтоосон тусгай үүргийг гүйцэтгэх чадвартай цэргийн салбар, нэгжийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн армийн жишигт хүргэх хэрэгцээ, шаардлага хурдтай тавигдаж байна. 

Хоёрт, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар “Төрийн цэргийн номлол”, “Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө”, тэрчлэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах төлөвлөгөө” зэрэг Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн үндсэн баримт бичгүүд батлагдан гараад байна. Аливаа төлөвлөлтийн баримт бичиг, тэр дундаа стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг батлан гаргах нэг хэрэг, тэдгээрийн хэрэгжих бэлтгэлийг хангах явдал төрлийн цэргийн командлагч, цэргийн нэгтгэл, ангийн захирагч, дарга Та нарын БХЯ, төрлийн цэргийн командлалын өмнө хүлээж байгаа хамгийн хариуцлагатай нэн чухал үүрэг болж байгааг хүн бүр ухаарч ажиллах учиртай. 

Гуравт, Зэвсэгт хүчинд шинэчлэлтийн чанартай бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдэж байна. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилуулан хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Зэвсэгт хүчний тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Хуурай замын цэргийн болон  Агаарын цэргийн командлалыг байгуулаад үйл ажиллагааг нь бие даалган гүйцэтгүүлж байгаа бол 2021 оноос Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдан ажиллаж эхэллээ. 

БХЯ, ЗХЖШ дээрх шинэ төрлийн цэргийн командлал, удирдах газрыг зэвсэглэл, цэргийн техник, тусгай хэрэгслээр хангах, чадавхыг сайжруулах, бие даан үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Гэхдээ командлал нэг бүр өөрийн цэргээ бэхжүүлэх, командлалынхаа чадамжийг сайжруулах талаарх санал, санаачилга, идэвхтэй бүтээлч ажиллагаа нэн чухал болохыг би Та нарт зориуд тусгайлан анхааруулж байна. 

Миний энд тодотгон хэлж буй эдгээр болон Зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх бусад хүчин зүйлс нь Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийг улам төгөлдөржүүлэхийг нөхцөлдүүлж байгаа юм. Энэ талаар Та бүхэн Стратегийн цугларалтын явцад нэгдсэн ойлголтод хүрсэн байх аа.

Эрхэм генерал, офицерууд аа!

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилуулан бүрдүүлж, бэхжүүлэх талаар Монголын төрөөс дэвшүүлээд байгаа стратегийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээг бодит ажил болгож, үзэгдэхүйц бодит үр дүнд хүргэх нь Та бидний Төр, Засгийнхаа өмнө хүлээж буй тулгамдсан үүрэг болж байна. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг удирдамжийн баримт бичгүүдээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд жил тутам шат шатандаа оновчтой төлөвлөж, ухаалгаар хэрэгжүүлж байж Та бид “Мэргэжлийн өндөр түвшинд  бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулах” стратегийн зорилгодоо алхам алхмаар ойртох болно.

Иймд төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбаруудын жил, улирлын ажлыг дүгнэхдээ Зэвсэгт хүчний хөгжлийн стратегийн зорилгод чиглэгдсэн ямар ажил, үйлс бүтээв гэдгийг тухайн командлал, цэргийн нэгтгэл, ангийн үйл ажиллагааны гол үзүүлэлтийн нэг болгох асуудлыг ЗХЖШ авч үзэхийг чиглэл болгож байна. Бид “Ерөнхийгөөс тодорхой руу” гэсэн зарчимд шилжих цаг болоод байна. 

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын бүтэц, зохион байгуулалт, орон тоог хөгжлийн стратегийн зорилгод захируулан нягтлан авч үзэх хэрэгтэй. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлого тодорхойлогдоод долоо дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд бид анги, салбаруудынхаа бүтэц, зохион байгуулалтыг 2018-2019 онд төрийн бодлогод захируулан хэрхэн шинэчлэв, цаашид яах ёстой болохыг тогтоон дүгнэх цаг болсон гэж үзэж байна. 

Зэвсэгт хүчний хөгжлийг сонирхдог иргэн бүр “Манай Зэвсэгт хүчний анги, салбарын 50 гаруй хувь нь байнгын бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн армийн сургалт бэлтгэлийн тогтолцоонд шилжсэн, богино хугацаанд бэлэн байдалд шилжиж, байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай болж байгаа, бусад нь хугацаат цэргийн алба хаагчдыг эх орноо зэвсэг барин хамгаалахад сургаж байгаа” гэсэн ойлголттой байгаа. Энэ ойлголт манай салбарын хэмжээнд ямар байгаа вэ гэдгийг командлагч бүр цэргийн нэгтгэл, анги, салбарын захирагч нэг бүр өөртөө тавьж, хариултыг тогтоож, түүнийхээ мөрөөр асуудал дэвшүүлж ажиллах шаардлагатай байна. 

Нэгтгэл, анги, салбаруудыг зориулалт, чиг үүрэгт нь зохицсон зэвсэг, цэргийн техникээр хангах нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхдээ баримталж байх нэг гол зарчим мөн. 

Батлан хамгаалах яамнаас баримталж байгаа бодлогыг нэгдүгээрт, эдүгээ Зэвсэгт хүчинд байгаа зэвсэг, цэргийн техникийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах үндсэн дээр тэдгээрийн техникийн чанар байдлыг хадгалах; хоёрдугаарт, үндсэн төрлийн зарим зэвсэг, байлдааны техникт төсвийн бодлогоор баталгаажсан төлөвлөгөөний дагуу сэргээн сайжруулах засвар, техникийн үйлчилгээ хийж, цэргийн анги, салбарын зэвсэглэлд оруулах; гуравдугаарт, цэргийн удирдлага, агаарын довтолгооноос хамгаалах болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий цэргийн ангиудын зэвсэглэл, техникийг ээлж дараатайгаар сольж шинэчлэх замаар байлдааны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх; дөрөвдүгээрт, мэргэжлийн алба хаагчид, инженер, техникийн ажилтнуудын оролцоо, дотоод нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулах, нэвтрүүлэх замаар  цэргийн зарим техникийг дотооддоо үйлдвэрлэх эхлэлийг тавих гэж тодорхойлж байна.

Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний ангиудад байгуулагдсан “Туршилт судалгааны төв”-үүдийг түшиглэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлыг амжилттай туршиж, тусгай зориулалтын цэргийн техник, орон зайн тандалт, агаарын тагнуулын зориулалт бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж, богино долгионы дунд чадлын радиостанцын анхны загваруудыг эх орондоо амжилттай туршин, зэвсэглэлд оруулж эхлээд байгаа нь маш сайн хэрэг юм.

Цаашид Зэвсэгт хүчнийг зэвсэглэл, цэргийн техникээр хангах зорилтыг хэрэгжүүлэхдээ гаднын орны цэргийн техникийг худалдан авах, буцалтгүй тусламжаар ханган нийлүүлэх, түүнчлэн хамгийн гол нь бид өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ үндсэн дээр батлан хамгаалах аж үйлдвэрийн суурийг тавих эхлэл, санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллах болно. Ойрын жилүүдэд буудлагын зэвсгийн сумны үйлдвэр байгуулна. Зэвсэгт хүчний туршилт-үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь бидний ойрын бодлогын байнгын зорилт болж байна. 

Дэлхийн болон бүс нутгийн орнуудад эдүгээ болж байгаа ээдрээтэй асуудлуудад бид байнга анхаарал хандуулж, судалгаа, дүгнэлт хийж байх ёстой. Хэдхэн жилийн өмнө дэлхий дахинд даяаршил улс гүрнүүдийн харилцан хамаарлыг улам гүнзгийрүүлж байсан бол өнөөдөр геополитик, геостратегийн сөргөлдөөн хурцдаж, том гүрнүүдийн дунд “Хүчний төв”-ийн байр сууриа хадгалах, түүнийг олж авах өрсөлдөөн улам гүнзгийрч байна.

Нөгөөтэйгөөр хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлж байсан улс хэдхэн өдрийн дотор нуран унаж байгааг өнөөдөр бид харж байна.

Мөн газар нутгийн маргаанаас үүдэлтэй талуудын ашиг сонирхлын зөрчил, байр сууриа хадгалах оролдлого цаашид юунд ч хүргэж болох аюултай байна.

Бидний амьдарч байгаа бүс нутагт цөмийн зэвсгийн аюул бодитоор оршсоор байгаагаас гадна нутаг дэвсгэрийн маргаан, олон улсын терроризм, үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, салан тусгаарлах, хэт даврах үзэл, хүний эрх, хүмүүнлэгийн хямрал зэрэг уламжлалт бус аюул ч даамжирч болзошгүйг цэгнэж, ойлголтоо нэгтгэн, тухай бүр дүгнэлт хийж байх учиртай. Энэ нөхцөл байдал нь цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдлыг хангах асуудлыг өнөөдөр урьд өмнөхөөс илүүтэй чухалчлахыг шаардаж байна.

Байлдааны бэлэн байдлыг хангах асуудлыг дэлхийн улс гүрнүүд өнөөдөр Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн арга хэмжээ мөн гэж үзэж, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгож байна. Тэгвэл өнөөдөр манайд “Дохио” өгөхөд тавигдсан үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаа болон богино хугацаанд бэлэн болох цэргийн анги, салбар хэд байна. Энэ бол командлагч, захирагч нарын шат шатандаа анхаарах чухал асуудал. Бид энэ асуудлыг нухацтай авч үзэх цаг нь болсон. 

Бидний тайван цагт гүйцэтгэж байгаа арга хэмжээ бүхэн бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байх учиртай. Иймээс Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар хийгээд бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх талаар тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байх, бэлэн байдлын үзлэг, шалгалтыг тогтмолжуулах шаардлагатай байна. 

Мөн дайчилгааны бэлэн байдлыг хангах асуудлыг орхигдуулах ёсгүй. Байлдааны болон дайчилгааны бэлэн байдал хоорондоо салшгүй холбоотой. Батлан хамгаалах яам 2022 онд Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг 2023 онд батлуулахаар ажиллаж байна. Үүнийг дагаад Зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангах төлөвлөлтийн баримт бичгүүдийг уялдуулах, тодотгох ажлууд хийгдэнэ гэж ойлгож байна. 

Зэвсэгт хүчин, нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал цэргийн сургалт бэлтгэл, түүний зохион байгуулалт, үр дүнгээс шууд хамаарч байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой. Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, цэргийн сургалтын стандарт, агуулга, технологийг шинэчлэн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлэх, Зэвсэгт хүчнийг чадварлаг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах, албан тушаалтны томилгоог чадахуйн зарчимд тулгуурлан хийх шаардлага урьд урьдынхаас улам илүү хурцаар тавигдаж байна.   

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн тогтолцоо, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын зохион байгуулалтад зарчмын шинэчлэл хийхгүйгээр мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй ээ ... 

Төрийн бодлогыг бодитой хэрэгжүүлж, цэргийн анги, салбараа мэргэжлийн цэрэгт суурилсан байхаар өөрчлөн шинэчилье гэвэл цэргийн анги, салбарын сургалт бэлтгэлийг мэргэжлийн армийн сургалтад шилжүүлэхээс өөр аргагүй болоод байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл, ангийн захирагч, штабын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн сургалт, бэлтгэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Энэ бол байнгын бүрэлдэхүүнийг мэргэжлийн цэрэг болгоход чиглэгдсэн Зэвсэгт хүчний зарчмын шинэчлэл болно. 

Хэдийгээр нэгтгэл, ангид төлөвлөгөөт сургалтууд явагдаж байгаа ч тэдгээрийн ангидаа, салбартаа үлдээж буй үр өгөөж нь чухал байх учиртай. 

Жил бүр төлөвлөгөөт команд-штабын сургуулиуд явагдаж байгаа ч офицеруудын цэргийн хэргийн мэдлэг, байлдаанд цэрэг удирдах чадвар сайнгүй хэвээр байгаагийн учир, шалтгаан юунд байна вэ, Энэ байдалд цэргийн командлал, цэргийн нэгтгэл, ангийн захирагч нар бодитой дүгнэлт хийж, мөрөөр нь шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. 

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний алба хаагчдын бүртгэл, судалгааг нарийн гаргаж, алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөхтэй холбогдолтой харилцааг хуулийн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. 

Төрийн албыг ёс зүйтэй, сахилга баттай, шударга, зөв хандлагатай, чадварлаг алба хаагчдаар бүрдүүлэх. Үүний тулд офицер, ахлагчийг албан тушаалд дэвшүүлэн томилохдоо чадахуйн зарчимд суурилан, шатлан дэвшүүлж байх зарчмыг бүх шатны дарга, захирагч нар хатуу мөрдөж байхыг дахин анхааруулж байна. 

Танил тал, ашиг сонирхлын үүднээс албан тушаалд томилдог, гадаад, дотоодын академи, их, дээд сургууль, энхийг дэмжих ажиллагаанд явуулдаг үзэгдэл байсаар байна. Үүнийг таслан зогсооё. Үүнд хамааралгүй албан тушаалтан байхгүй ээ. Ийм асуудалд оролцсон, хууль бусаар нөлөөлсөн албан тушаалтан бүрд хатуу хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгож байна.

Нийгэмд цэргийн насны залуучуудын төлөвшил, хандлага бидний дараагийн анхаарах асуудал болж байна. Иргэд, залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлж, амьдралын зөв чиг хандлагатай болгох үүргийг Зэвсэгт хүчин хэрэгжүүлж байна. Энэ бол цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, цэргийн мэргэжилд сургах, ар гэрээ аваад явах чадвартай, сэтгэлийн хаттай гэрийн эзэн эр хүнийг төлөвшүүлэх зэргээр нийгэмд өөрчлөлт авчрах үйл ажиллагаа юм. 

Залуусыг цэргийн алба хаах хугацаандаа цэргийн мэргэжил эзэмшихээс гадна бүтээн байгуулалтад оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд Та бүхний дэмжлэг чухал юмаа.

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилуулан хөгжүүлэх зорилтыг хангах нэг хүчин зүйл бол нийт бүрэлдэхүүнд цэргийн гэрээт алба хаагчдын эзлэх хувийг нэмэгдүүлэх явдал юм. Цэргийн гэрээт албыг хааж буй иргэдийг мэргэжлийн цэрэг болгон бэхжүүлэхийг Зэвсэгт хүчний шинэчлэлийн тулгамдсан асуудлын нэг болгон хэрэгжүүлж, хөгжүүлэхийг онцгой анхааралдаа авах нь чухал.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн эрхэм генерал, офицерууд аа!

Одоо Та бүхэнд 2022 онд ажил, албандаа анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өгье.  

Оны өмнөхөн ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хуралд оролцох үеэр ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд тодорхой үүргүүдийг өгсөн.

Зэвсэгт хүчний хөгжил, бэхжилттэй холбоотой дараах асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй. Үүнд: 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг өөрийн командлал, анги, байгууллагад холбогдох арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг жил бүрийн төлөвлөгөөндөө тусган хангаж ажиллах.

Саяхан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч 136 дугаар зарлигаараа баталлаа. Үүнтэй уялдуулан ойрын хугацаанд “Цэргийн цолны нийтлэг стандарт”-ыг тогтоох хэрэгтэй байна. Үүний дараа “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэл”-ийг шинэчлэн тогтооно; 

2. ЗХЖШ-аас боловсруулсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн төслийг төрлийн цэргийн командлагч нар өөрсдийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцээд санал, дүгнэлтээ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт 2022 оны 2 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх;  

3. Зэвсэгт хүчин, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар нэг бүрийн  бэлэн байдлыг сайжруулах, бэлтгэлжилтийн үзүүлэлтийг дээшлүүлэх зорилт, хүрэх түвшингээ тодорхойлж, албажуулан мөрдөн ажиллаж, оны төгсгөлд үр дүнг тооцох;  

4. ЗХЖШ-аас энэ оны эхээр албажуулан гаргасан цэргийн сургалтын бодлого болон төрлийн цэргийн командлал, удирдах газар бүр өөрийн цэргийн онцлог, цэргийн ангиудынхаа бүтэц, зохион байгуулалтад нийцүүлэн сургалтын заавар, хөтөлбөр, цэргийн сургалттай холбогдсон бусад баримт бичгээ шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

5. Цэргийн анги, байгууллага бүр зэвсэглэл, цэргийн техникийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээ, засварыг жил бүр тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хийж байх (тогтсон журам гарган мөрдөж ажиллах);

6. Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын байрын тохь тух, хэрэглээний халуун, хүйтэн усны хангалт зэрэг амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарч, бодитой арга хэмжээ авах;

7. Зэвсэгт хүчний алба хаагчдын ёс зүй, шударга ёс, сахилга хариуцлага, архидалт, хүчирхийллээс ангид байх, ажил албандаа хандах хандлагын талаар шат шатандаа онцгой анхаарч ажилла. Цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг сайжруулах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах;

8. Барилга-инженерийн цэргийн ангиудыг төмөр зам, авто зам, барилга зэрэг улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд үргэлжлүүлэн оролцуулах бодлогыг хэрэгжүүлж “Зүүнбаян-Ханги”, “Богдхан” чиглэлийн төмөр зам, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто зам болон “Дүүжин тээвэр”-ийн бүтээн байгуулалтад оролцуулах бэлтгэлийг хангах, ялангуяа хөдөлмөр хамгаалал, техникийн бэлэн байдалд анхаарч, ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх;

9. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал, энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулах;

10. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай цэргийн бүх анги, байгууллагууд нэгдэж, холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ том зорилгыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоо маш чухал, бид тэргүүлэх байр суурьтай оролцох ёстойг онцгой анхаарах; 

11. ЗХЖШ цаашид санхүүгийн бодлогодоо шинэчлэл хийх хэрэгтэй байна. Өнөөдөр 100 хувь төсвөө бүрэн зарцуулж байгаа. Тиймээс төсвийн зардлаас хэмнэлт хийх, нөөцөө бүрдүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай. Тендерээс хэмнэлт гарч байгаа. Бид төсвөө хэмнэж чадвал бүх асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Шаардлагатай бол зохицуулалтыг сайдын зүгээс хийж өгч болно гэдгийг анхаарах хэрэгтэй!  

12. Ойрын жилүүдэд анги, байгууллагын түүхэн ойн жилүүд тохиох болно. Гэхдээ ойг тохиолдуулан төсөв хөрөнгө зарцуулж ойн медаль, дурсгалын тэмдэг гаргаж тараадгаа боль. Үүний оронд түүхийн ном бүтээх, ангидаа мод, бут тарих, тохижилт хийх зэргээр бүтээлч байдлаар тэмдэглэх нь зүйтэй. Мөн хэн нэг нь төрийн алдар цол, одон, медаль хүртэхэд төсвийн мөнгөөр бэлэг, хадаг, сүү барьж байхаа больё;

13. Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулахыг зогсоох; 

14. Та бүгдтэй XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын баярын өмнөхөн уулзаж байна. Иймд цагаан сарыг гэртээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэх (ах, дүү, хамаатан, садантай золголт хийхгүй байх), төрийн байгууллага, нэгтгэл, анги, салбарт зохион байгуулалттай золголт хийхгүй байх.

Эцэст нь хэлэхэд бидний өмнө дэвшигдэж байгаа зорилт, хийж хэрэгжүүлэх ажил их байна. Энэ их ажлын хэрэгжилт, үр дүн Та бүхний хандлага, хичээл зүтгэл, сэтгэлээс шууд хамааралтай.

Зэвсэгт хүчнээ улам хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр