Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны хоёр буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос дөрвөн иргэнийг авран 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 227 объектын гал түймэр, аврах ажиллагааны 15 буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9%-аар өссөн байна.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх,

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх,

Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх,

Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх,

Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих,

Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг зөвлөж байна.