“Artcurial Retromobile 2022” дуудлага худалдаанд Ю.Цэдэнбалын унаж байсан машиныг оруулахаар болжээ.
Энэхүү машин нь 1967 оны Зил-114 маркийн лимузин бөгөөд 20-р зууны төрийн тэргүүдийн унаж байсан машин дуудлага худалдаанд орох нь ховорхон байдгаас гадна музейд тавих явдал элбэг байдаг тухай Autoweek онцолжээ.
Машиныг танилцуулбал: Зил-114 лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Энэ нь зургаан хүний суудалтай, долоон литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй юм.
“Artcurial Retromobile 2022”-д ирэх сард дуудлага худалдаанд оруулах лимузингийн хувьд 1967 оны эхэн үеийн загвар бөгөөд “БНМАУ-ын төрийн тэргүүнийх байсан” гэж дуудлага худалдааны газраас мэдэгджээ. Уг лимузин нь "УБ0001" улсын дугаартай байсан ба 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд байсан.
Ю.Цэдэнбалын үед ЗХУ-аас гадаадын удирдагчдад бэлэглэсэн цөөхөн Зил-114 лимузингийн нэг нь уг машин байж болзошгүй. Тухайн үед Улаанбаатар хотод төрийн албаны хоёроос цөөнгүй Зил-114 байсан гэх мэдээлэл байдаг ажээ. Зил-114-өөс гадна ГАЗ 13 Чайка зэрэг хэд хэдэн машин Ю.Цэдэнбалд байсан гэдэг. Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, Зил-114 лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байсан тухай онцолжээ.
Эх сурвалж: Autoweek