Цаг үеийн мэдээ

Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 48 жилийн түүхэн замналыг бүтээсэн бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн политехник коллеж болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа нар оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өргөжин цар хүрээгээ тэлж буй Политехникийн коллежийн хамт олонд баяр хүргэн үг хэллээ. Түүнчлэн хөдөө аж ахуйд суурилсан манай аймгийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран мэргэжлийн зөвлөлийг байгуулан, тус салбарын боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байгаад онцгойлон талархал илэрхийлэв.

Мөн нээлтийн ажиллагааны үеэр нийгмийн ажилтан С. Нандинтуяа “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ЦТТҮА мэргэжлийн багш Ц. Дашгарав “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичиг”-ээр, ДЧБСХ ахлах ажилтан А.Энхбат, ЦТТҮА мэргэжлийн багш Э.Батсайхан нар аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.