UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтарсан бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна.
UBS телевиз нь Монголын киночдын хүрээгүй газар очиж, хөндөөгүй сэдвээр кино уран бүтээл туурвиж, үзэгч түмэндээ толилуулахыг эрхэм зорилгоо болгодог. Энэхүү зорилгынхоо хүрээнд тайгын цэнхэр хязгаараар нутагладаг цаатан түмний ахуй соёлыг харуулсан “СОДУРА”, өмнийн шаргал говьд үүссэн гэх домогтой үндэсний бахархалт морин хуур хөгжмийн яруу эгшиглэнг дуурсгасан “ГОВИЙН ДОМОГ” зэрэг уран сайхны киног бүтээж, үзэгч олноос өндөр үнэлэлт авсан билээ. Дээрх кинонуудыг бүтээсэн уран бүтээлчид энэ удаад хангайн цармыг зорьж, уулын таг, усны тунгалгийг даган хэдэн мянганы тэртээгээс идээшин бэлчээрлэж ирсэн Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллаж, ашиг шимийг нь хүртэн амьдардаг зон олны тухай “НАРНЫ САДАН” туульсын уран сайхны кино бүтээлээ.
Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан сүүлийн 2 жилийн хугацаанд UBS телевизийн зүгээс энэхүү томоохон төслийг эхлүүлж, уран бүтээлч сэтгэлгээгээр бүхнийг даван туулахад түлхэц өгч, Монгол соёлоо эрхэмлэн дээдэлж, оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн агуулалт, ангилалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг PickPack-ийн хамт олонд нийт кино уран бүтээлчид халуун талархалтай буйгаа илэрхийлсэн юм.
Эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв уламжлалаа өөриймшүүлэн тодолж, бусдад “Минийх”, “Биднийх”, “Манайх” хэмээн бахархан нотолж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө шимтэн үзэж болохоор, бүх насныханд зориулагдсанд нь “НАРНЫ САДАН” киноны ач холбогдол оршиж байна.
Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор УГЗ Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар СТА Т.Нямсүрэн, дууны найруулагчаар СТА Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ.
Үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн бүтээсэн “СОДУРА”, “ГОВИЙН ДОМОГ”, “НАРНЫ САДАН” хэмээх гурамсан бүтээлийн сүүлийнх нь ийнхүү 2022 оны 03 сарын 17-оос бүх кино театрын дэлгэцээр гарч, үзэгч олондоо хүрэхэд бэлэн болоод байна.
Киноны товч танилцуулга
Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Харсарлагтынхан, Бүгээнсарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санжээ. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцэлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойв.
"Нээлтийн улаан хивсний ёслолын тасалбар ЭНД-с худалдан авна уу.