Цаг үеийн мэдээ

Чингис хааны тухай түүхэн сэдэвт "Godsend" төслийн продакшны баг Лос Анжелес хотод уулзаж, төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.

"Godsend" киноны бүх зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд энэ нь УИХ-аас батлаад удаагүй байгаа Монгол Улсад гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа юм хэмээн Соёлын яамнаас мэдээлсэн. 

Монголын уламжлалт өв соёлын гайхамшгийг дэлхийн үзэгчдэд бодитоор үзүүлж Монгол Улс хийгээд эзэн Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг уран сайхны аргаар харуулахад төсөлд шууд оролцох Монголын хөрөнгө оруулагчид болон уран бүтээлчид онцгой үүрэгтэй юм. 

Төслийн продакшны багийнхны уулзалтад кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, Холливудын ахмад продюсер Скотт Розенфелт нар байлцав. Скотт Розенфелт нь Холливудын хамгийн алдартай кинонууд, үүний дотор хамгийн өндөр орлоготойд тооцогдсон хэвээр байгаа “Home Alone” /Гэртээ ганцаараа/ инээдмийн кино, Жулиа Робертсын жүжигчний замналыг тавьсан “Mystic Pizza”, Майкл Ж.Фоксын гол дүрд нь тоглосон, хамгийн өндөр орлоготой бие даасан “Teen Wolf” зэрэг киног бүтээсэн юм. 2020 онд С.Розенфелт Жон Легисамогийн найруулсан анхны бүтээл болох “Critical thinking”-гийн продюссерээр ажиллажээ.

“Godsend” кино багийн гишүүд Холливудын бүх том студи, стриминг үйлчилгээ, продакшн компаниуд болон уран бүтээлчдийн зуучлалын агентлагуудтай 40 гаруй жил хамтран ажилласан мэргэжлийн туршлагатай аж. Уг төсөл нь Монгол болон Холливудын уран бүтээлчдийн авьяасыг хослуулсан уран сайхны кино болох юм.

Төсөлтэй танилцах https://mongoliagodsend.com/

Таны сурталчилгаа