Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Соёлын яам, Үндэсний Урлагийн их театр, УДЭТ, “Херо” интертайнмент, “Хувьсал” продакшн хамтран дахин тавьсан бөгөөд дуу хөгжим, бүжиг, тайз, дэлгэцийн цогц шийдэлтэй, үндэсний сонгодог жүжгийн хэв маягийг бүрэн шингээсэн, онцлох бүтээл болж чадсан хэмээн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь төр хувийн хэвшлийн түншлэлийг соёл урлагийн салбарт нэвтрүүлэх сайн жишгийн эхлэл болж байна.
Соёлын сайд Ч.Номин жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргээд уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсныг онцлоод инноваци шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авч ирэх бүрэн боломжтой гэлээ. Монгол Улсын засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж үзэхээ Соёлын сайд хэллээ.