1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа 2022 оны 06 дугаар сарын 03-11-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлооч Ө. Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ. Төгсгөлийн шалгаруулалтад Ө.Мөнхжин Большой театрын симфони найрал хөгжимтэй Ц.Пунигийн Корсар, П.И.Чайковскийн Щелкунчик балетын эрэгтэй гоцлоочийн вариацуудыг бүжиглэн өрсөлдөнө.
Ө.Мөнхжин нь ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетийн жүжигчнээр ажиллаж байна. Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдахад: 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн байна.