Цаг үеийн мэдээ

Хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ хөл хорионд байсан. Коронавируст халдварын өвчлөл одоо ч зарим нэг улс оронд хатуу дэглэмийн нөхцөл байдалтай байгаа билээ. Гэсэн хэдий ч дийлэнх улс орон амны хаалтгүй зорчиж, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх эрхтэй болсон. Үүнийг дагаад хүмүүсийн хувцаслалт, стиль имиж хүртэл хувьсан өөрчлөгдөж байна. Илүү гэрэлтсэн, ассан, чөлөөтэй, баригдмал бус, хурц өнгөний хувцаслалт энэ онд илүү тренд болж байна.  80,90-ээд оны өргөн өмд, том пиджак зэрэг хувцаслалт одоо хэр нь моодноос гараагүй хэвээр байгаа.

 Энэ зун бүсгүйчүүдийн хувьд тод өнгийн хувцас болон бөмбөгөр мөртэй даашинз, платформ гутлууд тренд болоод байгаа юм. Хөл хорионы үед бие болон сэтгэл зүйгээр хоригдсон учраас тэсрэлт хийж,  илүү хүмүүст анзаарагдаж,  бусдын нүдэнд өртөхийн тулд, нэгэн хэвийн  хэв маяг,  баригдмал байдлаас гарч, хурц, тод өнгөний хувцаслалт илүү тренд болж байгааг гайхах юун. Ямар нэгэн ёслол, үйл ажиллагаанд л өмсдөг албаны хувцсыг өдөр тутамдаа өмсдөг болсон байх жишээний. 

 Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд ямар нэгэн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Тиймээс энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний дээл, хувцасны загвар хийцийн хувьд энгийн бөгөөд чөлөөтэй, тод загварууд түгээмэл тархах шинжтэй байна. Мөн залуу үеийнхэн маань нэг үеэ бодвол өдөр тутамдаа үндэсний дээл өмсөж, гоёдог болж. Түүнийгээ дагаад энэ жилийн наадмын уур амьсгал, өнгө төрх  неон, шар, тод ягаан, улбар шар зэрэг тод, хурц өнгө төрхийг харуулсан, чөлөөтэй байдлыг илэрхийлэх янзтай. Мөн үндэсний дээл гэхээс илүүтэйгээр дээлэн загварын цамц, даашинз, хослол зэргийг түлхүү өмсдөг болжээ. 

Үндэсний дээл хувцас, загвар хийцийг хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэн дэлхийд өрсөлдөхүйц нарийн хэв маягийг илэрхийлж буй үндэсний брендүүдийг танилцуулж байна.

1. “Өв” брэнд-  2020 оны 8 сард “ӨВ” брэндийг үүсгэж дотоодын зах зээлд танилцуулсан. “ӨВ” брэнд нь уран хийц болон дэлхийн загварын чиг хандлагад нийлүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ хэрэглэгчдийн талархалыг хүлээсээр байгаа бөгөөд импортыг орлох зах зээлд өрсөлдөхүйц үнээр ажил хэрэгч эмэгтэй хувцас ба монгол үндэсний онцлогийг шингээсэн үндэсний хэв шинжит хувцас үйлдвэрлэдэг. Үндэсний их баяр наадамд зориулсан шинэ загварууд нь зургадугаар сарын 20-ны өдрөөс гарч эхлэх юм.  

“Үндэсний онцлог шинжийг агуулсан загваруудыг тренд болж байгаа тод өнгөтэй хослуулж болохгүй, аль болох зайлсхийдэг. Учир нь өв уламжлалыг агуулсан загвар хийцийг  орчин үеийн залуусдаа хүргэх нь манай брэндийг баримталдаг бодлого. Орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулж судалгаан дээр үндэслэж загвараа гаргадаг. Хамгийн сайн чанарын торгыг өргөн хэрэглэдэг. Зун , баяр наадмаар өмсөхөд тохирхуйц уналттай материалаар,  өв уламжлалыг шингээсэн загварууддаа гар чимэглэл оруулж өгч байгаагаараа онцлогтой” гэв. 

2. “We” брэнд- Үндэсний загвар хийцийг алдагдуулалгүй, шинж чанарыг нь голчлон барьж орчин үеийн загвар хийцтэй хослуулан урладаг билээ. Монгол хүн бүр, үндэсний загвар хийцтэй хувцсаа дээдэлж өдөр тутамдаа өмсдөг болгох зорилготой. Мөн адил үндэсний их баяр наадамд зориулсан загварууд нь зургадугаар сарын 20- ноос хойш хэрэглэгчдийн хүртээл болох юм. 

3. “Ивээл брэнд”- 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндсэн хэв загварын өөрчлөхгүйгээр олон төрлийн загвар хийцийг урлан гаргадгаараа онцлогтой юм. Үндэсний их баяр наадамд зориулсан гэр бүлийн загвар хийцүүд нь худалдаанд гарсан байна. 

4. “Deer” брэнд- Эко материалаар үйлвэрлэлээ явуулдаг брэнд нь өдөр тутмын олон төрлийн загвараар бусдаас ялгардаг. Casual буюу өдөр тутмын хувцасны брэнд гэдгээрээ онцлогтой.  Уг брэнд нь наадмын загваруудаа энэ сарын 17-ны өдөр олон нийтэд танилцуулах юм. 

5. “Michel amazonka” брэнд- Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Pret-a-porter төрлөөр урладаг аж. 

6. “Борголжин брэнд”-Энэхүү брэнд нь 2017 онд байгуулагдсан. Уг брэнд нь даавуун, уналттай материалтай нимгэн болон дан загварын дээлийг түлхүү урлан гаргадаг. Наадмын коллекцоо зургадугаар сарын сүүлээр гаргах юм. 

7. “O.Couture Mongolian Fashion Brand”- “Сэтгэлээ шингээнэ үнэ цэнийг бүтээнэ”уриатай загварлаг энгийн, чамин загваруудын урладаг үндэсний үйлдвэрлэгч бренд юм.  

8. “Энх Есүй” бренд- Энэхүү бренд нь өдөр тутамдаа өмсөхөд тохирохуйц уламжлалт хэв загварыг чамин шигтгээ, гоёлоор урлан хэрэглэгчдийнхээ хүртээл болгодог үндэсний бренд юм. Мөн удахгүй баяр наадмын загваруудаа танилцуулах юм.

Монгол брэндүүдийн  үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гаргах коллекцууд трэнд болж буй тод өнгөний зохицолтой, загвар хийцийн тухайд уналттай материалтай өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой энгийн, чөлөөтэй загваруудыг урлан бүтээх хандлагатай байна. 

Таны сурталчилгаа