Соёлын биет бус өвийн их наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1227 өв тээгч, уламжлагч оролцож, 12000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхлоо
Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ. Энэ жилийн "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, 9 дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа. Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх болно. Соёл урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлын гэрч болсон эрхэм Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье.