Цаг үеийн мэдээ

“Агаарын хөлөг шувуу, мал амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөл”-ийн дөрөвдүгээр хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд тус зөвлөлийн гуравдугаар хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон гуравдугаар хурлаас гарсан шийдвэр энэ сарын байдлаар 75.7 хувьтай хэрэгжээд байна. Харин 2016-2021 онд хэрэгжүүлсэн “Агаарын хөлөг шувуу, мал амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 78 хувьтай байгааг ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэл танилцууллаа.

Нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад аэродром орчмын аюулгүйн бүсэд шувуу, мал амьтан цуглуулахгүй байх нь хамгийн чухал асуудлуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон түүний орчимд 83 зүйл шувуу бүртгэгдсэний 27 хувь нь суурин, 73 хувь нь нүүдлийн шувуу байдаг байна. Тус нисэх буудал нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, 24 цагийн турш шувуу, мал амьтны хяналт тавин ажилладаг. Энэ чиглэлээр мэргэшсэн таван ажилтан дуу авианы төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин, ангийн буу, дуу авианы хийн болон суурин төхөөрөмж, дуран, дохионы буу, лазер гэрэл зэргээр хяналт тавьж ажилладгийг хурлын үеэр танилцууллаа. Мөн агаарын хөлөг шувуу, мал амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зорилгоор аэродромын бүсийн өнжмөл шар өвс шатаах, өвс хадах, мэрэгч устгалын зэрэг ажлууд тогтмол хийгддэг байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хувьд Төв аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал усан санд шувууд цуглахаас сэргийлэх арга хэмжээ авах, Сэргэлэн сумын төвлөрсөн хогийн цэгийг шилжүүлэх, шинэ хотын төлөвлөлттэй холбогдуулж бий болох ногоон байгууламжид ойн зурвасыг төлөвлөхгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хуралд танилцууллаа.

Хурлаас 2022-2027 онд хэрэгжүүлэх “Агаарын хөлөг шувуу, мал амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөр”-ийг батлуулах, зөвлөлийг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулах, гуравдугаар хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангахад анхаарч, удааширсан ажлуудыг эрчимжүүлэх зэргийг холболгдох газар, албан тушаалтнуудад үүрэг болгов.

Өнөөдрийн хуралд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Зөвлөлийн дарга С.Батболд, ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга бөгөөд Зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, “Чингис хаан” ОУНБ-ын Гүйцэтгэх захирал Китанака Такефуми болон албаны бусад хүмүүс оролцлоо.