Цаг үеийн мэдээ

“Зогсохгүй” продакшн, “Treasury Studio” нь Монголын кино урлагийн салбарт хүч түрэн орж ирэхээр анхны хамтарсан уран бүтээлээ танилцуулах гэж байна. Тус хоёр продакшн нь холын зорилго, хэтийн мөрөөдлийнхөө шанг татаж, Монгол орны хойд хязгаарт эх орныхоо хилийг амь, бие, сэтгэл, итгэлээрээ хамгаалж яваа өнөө цагийн хилчдийн бодит дүр төрхийг харуулахыг зорьжээ.  

“Зогсохгүй” продакшн 2019 оноос сошиал зах зээлд богино хэмжээний видео бичлэг хийн нийгэмд хандах өөрсдийн үзэл санаагаа үзэгч олонтойгоо хуваалцсаар ирсэн бол “Treasury Studio” нь 2021 оноос мэргэжлийн түвшний уран сайхны кинонууд хийхээр зорилго тавин ажиллаж ирсэн билээ. Тэд ийнхүү тун удахгүй өргөн дэлгэцийн анхны уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. 

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн кино уран бүтээлийн зохиол, найруулгыг чамбайруулсаар энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хамт олонд нийт кино уран бүтээлчид талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

“Зурвас” уран сайхны киног эцэг, өвгөдөөс өвлөгдөн ирсэн эх орныхоо дархан хилийг хамгаалж буй үе үеийн цэргийн албан хаагчид, төдийгүй бүх насныханд зориулан бүтээснээрээ өндөр ач холбогдолтой.

Энэхүү бүтээлд СУИС, КУДС-аас ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн үеийн залуу уран бүтээлчид оролцон тогложээ. Кино зохиолыг У.Энхбаяр бичиж, найруулагчаар Я.Төгс-Амгалан ажилласан байна. Продюсероор “Зогсохгүй” продакшны жүжигчин А.Дүүрэнжаргал, “Treasury Studio”-ийн жүжигчин Б.Эрдэмсайхан нар ажилласан бол гол дүрийг жүжигчин Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан, Э.Лувсанцэрэн, Ү.Түмэнжаргал нар бүтээсэн юм. Түүнчлэн Т.Бат-Эрдэнэ, Ч.Номин-Ангараг, Т.Болортуяа, Э.Эрдэнэбаяр, Г.Тайванбаатар зэрэг залуу жүжигчид оролцон тоглосноор кино урлагт анхны дебютээ хийх гэж байна. 

КИНОНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Хилийн цэрэгт татагдан очсон шинэхэн цэргүүд анхны манаандаа гарна. Олон сар хилчдийн толгойг гашилгасан ээдрээт, нууцлаг гэмт хэргүүд ар араасаа хөвөрч эхэлнэ. Гэмт хэргийн мөрөөр орсон шинэхэн хилчид нууцлаг, нэхэл хатуу хил зөрчигчдийн хоорондын хагарал тэмцэлтэй нүүр тулах болно. 

Таны сурталчилгаа