Цаг үеийн мэдээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан Улаанбаатар хотын аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулах зорилгоор Их тэнгэрийн амны хадны зураг орчмын тохижилтын ажлыг хүлээж авч, нээлтийн арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт Богдхан уулын Их тэнгэрийн аманд зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зос болон хар бэхээр зурсан Монгол, хятад, түвд бичээс бүхий сүг зураг байдаг. Эдгээрийг Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников 1960 онд анх илрүүлэн судалжээ. Улаан зосон зураг 7 хэсэг газар зурагдсан байдаг бөгөөд дотроо олон толботой дөрвөлжин хашлага бүхий зураг 7, ганцаараа ба 2, 3, 5-уулаа хөтлөлцөн зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг 3, замаар явж буй адууны зураг 2 байгаагийн зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан дүрслэлийн хэсгүүд үлджээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эртний малчин аймгуудын заншлыг харуулсан ажээ.

Харин хар бэхэн зураг нь улаан зосон зурагны хажууд байх бөгөөд “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэж хараад зогсож буй цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Монгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугираг царай, монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсчээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэглэл зэргийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр малганы орой дээр өд мэт зүйл хадсан явдал юм. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үеийн Монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг богтаг малгай мөн хэмээн үздэг. Монголын Юань гүрний их хатадын хөргийг иймэрхүү малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан Монгол эмэгтэйн булшнаас ийм малгай хэд хэд гарч иржээ. Их тэнгэрийн амны энэхүү зураг нь Монгол эмэгтэйг зурсан анхны зураасан зураг юм.

Таны сурталчилгаа