Хүн ардыг урлаг соёлоор соён гэгээрүүлэх их үйлсийг өөрийн авьяас билэг, оюун чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ гардан бүтээж, түгээн дэлгэрүүлдэг театрын урлагийн их айл өнөөдөр түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, баярын хурлын арга хэмжээгээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, СУГ-ын дарга Б.Тунгалаг болон театраас төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Тэртээ 1938 онд соёл урлагийн очийг аймаг, орон нутагтаа асаасан анхны улаан гэр байгуулагдсанаас хойш 1943 онд аймгийн клуб болон хөгжиж, цаашлаад 1952 онд Соёлын ордон, 1982 онд МАНХ-ын төв хорооны 220 дугаар тогтоолоор Хөгжимт драмын театр болон өргөжсөн түүхэн цаг үеэс хойш эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож байна.
“Монгол туургатан театр”-т захиргаа, удирдлага, үйлдвэр, зохион байгуулалт, дуу, хөгжим, драм, бүжиг гэсэн 6 ангийн бүтцэд, нийт 65 уран бүтээлчид ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчний хангалт 98.4 хувьтай байна.
Алдар гавьяаны эзэд болсон ахмад үеийнхэн энэ цагийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдаа энэ өдөр алдаршуулж Төрийн дээд “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн Хүндэт медаль”, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.