Цаг үеийн мэдээ

  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн, БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Каринь Пүжэ нарыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав. 

 Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, БНФУ-тай 1996 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоож, 2014 онд хоёр улсын батлан хамгаалах яамд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр байна. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд хойшлогдсон хэдий ч өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга” уулзалт болон “Хааны эрэлд” олон улсын сургуульд төлөөлөгчдөө оролцуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлье. Цаашид хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд дээд, дунд түвшний төлөөлөгчдийн айлчлалыг тогтмолжуулах, БНФУ-ын цэргийн сургуулиудад монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн сургах, тоог нэмэгдүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх, ҮБХИС-ийн франц хэлний сургалтыг сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ирэх онд Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

 БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн хэлэхдээ, “Эрхэм сайд та, биднийг хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлье. Манай Элчин сайдын яамны зүгээс хийж чадах зүйл нь Монгол Улсын тусгаар тогтносон, бие даасан байдлыг дэмжих явдал билээ. Учир нь Монгол, Франц хоёр улс дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж,  нэгдэж байна. Өчигдөр миний бие ҮБХИС болон Таван Толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвүүд хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөр ач холбогдолтой сургалтын бааз юм. Ирэх онд хамтран хийж хэрэгжүүлэх олон ажлууд дээр тантай санал нэгдсэндээ баяртай байна. Ирэх онд “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцох болно” гэдгээ уламжиллаа.