Цаг үеийн мэдээ

Хөгжлийн банкны хэрэг явдал шүүхийн танхимд багтахгүй том тонуул юм байна. Гэм буруугийн шүүх хурлыг нь Улаанбаатар чуулгын концертын танхимд 3-р сарын 2 хийхээр товлосон боловч 4-р сарын 17 хүртэл хойшлууллаа. Ная гаруй шүүгдэгч, хуулийн 4 этгээдийн голдуу өвчтэй, эсвэл гадаадад явж байж таардаг олон арван өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хойшлогдоод байна. Монголын улс төр 17-гийн тоог зүгээр орхидоггүй зүй бус зүй тогтлоо 4-р сарын 17-нд товлогдлоо. 

Улаанбаатар чуулгын концертын танхимд “Хөгжлийн банкны тонуул” эмгэнэлт драмын шүүх хурал зарим хэсэг хаалттай болно. Уг нь нүд үнэн, чих худалч гэдэг. Гэмтэн гэгчээр нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол нь нээлттэй болсон ч гэм бурууг нь тогтоох шүүх хурал нь чуулгын танхимд хаалттай болохоор байна. Нам намынхан, УИХ, Засгийн газрынхан, яам, тамгынхан, Хөгжлийн банкныхан өөрсдөө, өр тавиад бултсан хувийн хэвшлийнхэн гээд ёоз ёозоороо, өнгө өнгөөрөө байна. МАН-аас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, шарк хэмээх Г.Амартүвшин, дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, АН-аас экс Ерөнхийлөгч Женко Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны талаар шүгэл үлээгчдийн нэг ХҮН-аас Б.Найдалаа зэрэг найдлага алдсан 32 хүнд нэмж хилийн хориг тавьсан байна. Зөвхөн Монголдоо гэж дуу аялах хүмүүсийн дотор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цохиж явна. Төв банкных нь толгой хил гарах эрхгүй улсад долларын ханш цаашид яаж өсөхийг хэн ч таашгүй болсон байна. Өрөнд оруулж, өтөнд бариулсан ХХБ-ны сахал Д.Эрдэнэбилэг, зээл аваад, мөрийтэй тоглосон Бэрэн группийн Мөнхтөр, эрлийн үзүүр дэх “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат зэрэг хувьсгалын хөрөнгийг хувьдаа завшигчдад өмнө нь хилийн хориг тавьсан юм. Хөгжлийн банкны 1,8 их наядын чанаргүй зээл овоорч, дампуурлын ирмэгт тулсан талаар шүгэл үлээгдсэнээс хойш 1,1 их наяд төгрөгийн өр төлөгдөөд байна. Өрийг нь өөрсдөөр нь төлүүлсэн ч өсөөгүй эдийн засаг, орлогдоогүй импорт, нэмэгдээгүй экспорт, аваагүй цалин, олоогүй ашиг, алдагдсан боломж эргэн нөхөгдөхгүй юм.