ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргээ оруулснаас хойш анх удаа Донбасс мужид хөл тавьжээ. Олон улсын гэмт хэргийн шүүх Ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаал гаргасныг Путин уг айлчлалаараа эсэргүүцэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Тэрээр өнгөрсөн бямба гарагийн шөнө Украины Донбасс мужийн боомтын Мариуполь хотод гэнэтийн айлчлал хийжээ. Оросын төрийн мэдлийн сувгууд айлчлалын талаар мэдээлсэн. Тус хот нь Оросын дайралтад хамгийн их сүйдэж, олон мянган хүн амиа алдсан газар юм. Оросын Киевийг эзлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараа өнгөрсөн жилийн тавдугаар сард ялалт байгуулсан гол хот нь болсон.
Тасс агентлагийн мэдээлснээр Путин нисдэг тэргээр Мариупольд газардсан ба хувийн машинаараа хотоор явж нөхцөл байдалтай танилцаж, хэд хэдэн газарт очжээ. Ингэхдээ дайны хөлд үрэгдсэн хотыг дахин сэргээх тухай ярьсан байна. Мөн Украины хойг руу халдан түрэмгийлсний ес дэх жилийг угтаж Мариуполиос холгүй Крымд Оросын Ерөнхийлөгч очжээ.
Уг айлчлалыг Украины талаас гэмт этгээд хэргийн газарт буцаж очсон явдал хэмээн шүүмжлэн буруушаасан байна. Володимир Зеленськийн зөвлөх Михайло Подолякын Твиттерт жиргэснээр гэмт этгээд үргэлж хэргийн газраа эргэдэг гэжээ.
Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр Москвад айлчилж байгаа нь дайныг дуусгахад чухал үүрэг гүйцэтгэж магадгүй гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа хэдий ч Хятадын эрх баригчдын өнгөрсөн сард дэмжсэн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Оросын цэргүүдийг Украины нутгаас эргүүлэн татах зэрэг тодорхой зүйл багтаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian