Дэлхийн тамирчдын холбоо хүйсээ солиулсан трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээн уралдаанд эмэгтэй ангилалд багтаахыг хориглолоо. Тус холбооны Ерөнхийлөгч Лорд Кое энэ сарын 21-ний өдрөөс эхлэн эр бэлгийн бойжилтын үеийг туулсан трансжендер тамирчин эмэгтэйчүүдийн дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон гэдгийг мэдэгджээ.
Гэхдээ уг шийдвэр мөнхөд үргэлжлэх шийдвэр биш бөгөөд трансжендер тамирчдын шаардлага хангах удирдамжийг үргэлжлүүлэн судална гэжээ. Өмнө баталсан дүрмээр цусан дахь тестостероны хэмжээг 5нмоль/Л хэмжээнээс бага түвшинд сүүлийн 12 сарын турш барьсан трансжендер тамирчныг эмэгтэй ангилалд оруулахыг зөвшөөрдөг байжээ.
Дэлхийн тамирчдын холбоо трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн олон улсын ангиллын тэмцээнээс хориглох шийдвэрийг батлахын тулд жилийн турш ажилласан байна. Мөн уг хоригийг батлах нь амаргүй ажил байсныг мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС