Цаг үеийн мэдээ

Хонконгод хоёр жилийн дараа анх удаа болсон жагсаалыг цагдаа нар ойроос нухацтай ажиглаж, хянасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Бээжин дэх эрх баригчид Хонконгод аюулгүй байдлын шинэ хууль баталснаас хойш иргэдийн жагсаал огт болоогүй байсан юм.

Өнгөрсөн амралтын өдөр Хонконгийн зүүн дүүрэгт болсон газар төлөвлөлтийг эсэргүүцсэн жагсаалд 100 орчим хүн нэгджээ. Цагдаа нар жагсаалд оролцогчдын үйл хөдлөлийг хянахаас гадна дугаар бүхий шошго зүүж, уриалгын самбарт бичсэн зүйлсээ урьдчилан шалгуулах шаардлага тавьсан байна. 

Зохион байгуулагчдад хатуу шаардлага тавьж жагсагчдыг тойрон бүсэлснээс гадна хэвлэлийнхнийг ойртуулахыг хориглосон ажээ. Жагсаалд оролцохоор ирсэн жагсагч цагдаа нарын хатуу хяналт шалгалтыг таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж байгаад эгдүүцсэн байна. 

Хятадын тусгай бүсүүдийн нэг Хонконгод өөрийн бие даасан хууль үйлчилж олон нийт эрх чөлөөтэйгөөр дуу хоолойгоо хүргэн жагсах боломжтой байсан ч 2019 онд Бээжингийн хяналтыг эсэргүүцсэн жагсаал олон сарын турш үргэлжилснээс хойш уг эрх мэдэл нь хумигдсан юм. Энэ нь тусгай бүсийн бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж шүүмжилж байсан ч Бээжин бүх нийтийн аюулгүй, тогтвортой байдлыг хадгалах үүрэгтэй хэмээн байр сууриа хамгаалж ирсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа