АНУ-ын Теннесси мужийн нийслэл Нэшвилл хотын Пресвитериан сүмийн дэргэдэх бага сургуульд даваа гарагт галт зэвсэгтэй этгээд халдлага үйлджээ. Халдлага үйлдэж насанд хүрсэн гурван хүн, гурван хүүхдийн амь насыг бүрэлгэсэн этгээд эмэгтэй хүн болохыг цагдаагийн газраас зарласан байна.
Нийт зургаан хүний амийг галт зэвсгээр хороосон этгээд нь 28 настай Одри Хэйл гэгч бөгөөд хэргийн газарт цагдаа нарын бууны суманд оногдож амиа алджээ. Амиа алдсан хохирогчдын дунд 61 настай Синтиа Пийк, 60 настай Кэтрин Күнс, 61 настай Майк Хилл нар байгааг мэдэгдсэн байна. Кэтрин Күнс нь бага сургуулийн захирлаар 2016 оноос хойш ажилласан байжээ.
Хувийн христийн шашны Ковенэнт бага сургуульд 3-11 насны хүүхдүүд суралцдаг байна. Амиа алдсан гурван хүүхэд болох Эвлин Диекхаус, Хэлли Скраггс, Уильям Кинней нар 9 настай сурагчид байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аймшигт халдлага гарсны дараа галт зэвсгээр үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг Конгрессийн гишүүдэд уриалсан байна. Мөн тэрээр АНУ даяар төрийн захиргааны бүх байгууллага, албан газар, элчин сайдын яамдыг баасан гарагийн нар шингэх хүртэл төрийн далбааг хагас бөхийлгөх зарлиг гаргажээ.
Эх сурвалж: ВВС, The Guardian