Японы Киото хотын Урлагийн их сургуулийн төгсөлтийн баярт оролцсон оюутан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийг дуурайж хувцасласан нь олны анхаарлыг татжээ. Оюутан Амики Зеленськийтэй адилхан болохын тулд өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш гурван сарын турш сахлаа ургуулсан байна.
Мөн тэрээр Украины Ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө гарах бүртээ өмсдөг ханцуйтай ногоон цамц, өмдийг хослуулан өмсжээ. Амики энэ үйлдлээрээ Орос-Украины дайнд Украины талд зогсож буй гэдгээ харуулахыг хүсжээ. Киото хотын Урлагийн их сургууль төгсөлтийн баярт ирсэн оюутнуудыг дуртай хувцсаа өмсөхийг зөвшөөрдөг байна.
Тиймээс оюутнууд бусдын анхаарлыг татаж, өвөрмөц байдлаа харуулахын тулд Есүс Христ, Покемон зэрэг олон дүрд хувирч дипломоо гардаж авдаг уламжлал тогтжээ. Өнгөрсөн гурван жилд цар тахлын улмаас төгсөлтийн баярт оюутнуудыг биечлэн оролцуулаагүй байсан бол энэ жил төгсөгчдийг баярт урьж оролцуулсан байна.
Эх сурвалж: ВВС