Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын Голдман Сакс банкны гаргасан мэдээллээр хиймэл оюун ухаан ирээдүйд бүтэн цагийн 300 сая ажлын байрыг бүрэн орлоно гэжээ.
Энэ нь АНУ болон Европ дахь ажлын байрны дөрөвний нэгийг орлох боломжтой гэсэн үг бөгөөд нөгөө талаар шинэ ажлын байр болон бүтээмжийн үнэмлэхүй өсөлтийг харуулах ажээ.
Уг өсөлтийн дүнд дэлхий даяар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 7 хувиар өсч магадгүй гэсэн тооцооллыг Голдман Саксын мэргэжилтнүүд гаргасан байна.
Их Британийн Засгийн газар хиймэл оюун ухаанаар ажлын байрыг орлуулах төслүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжих алхмаа тавьсан байна. Тус улсын Технологийн сайд Мишель Донелан хиймэл оюун ухаан бидний хийж буй ажлын арга замыг сайжруулахаас биш устгаж үгүй хийхгүй хэмээн ярьжээ.
Хэдийгээр өндөр бүтээмжтэй ч хиймэл оюун ухаанаар ажлын байрыг орлуулах боломж салбар бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал төрийн захиргааны албаны 46 хувийг, хууль эрхзүйн салбарын 44 хувийг хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой бол барилга бүтээн байгуулалтын ажлын 6, техникийн засвар үйлчилгээний 4 хувийг орлуулах боломжтой ажээ.
Оксфордын их сургуулийн ирээдүйн ажлын байрыг хариуцсан захирал Карл Бенедикт Фрей бүтээлч хиймэл оюун ухаан цаашид хэчнээн ажлын байрыг орлох эсэхийг тооцоолох боломжгүй гэж үзжээ. Түүнчлэн сэтгүүлч сурвалжлагчид хамгийн их өрсөлдөөнтэй нүүр тулах ба дундаж бичлэгийн ур чадварыг хиймэл оюун ухаан төвөггүй орлох аж.
Улмаар хиймэл оюун ухаанаар хамгийн их ажлын байрыг орлуулж болох салбаруудад цалингийн хэмжээ буурна гэсэн тооцоолол гарсан байна.
Эх сурвалж: ВВС