Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн нэрт жүжигчин продюссер Приянка Чопра Жонас Болливудыг орхиж Холливудад ирсэн шалтгааныхаа талаар анх удаа ам нээж ярьжээ. Тэрээр “Armchair Expert” подкастын энэ даваа гарагийн дугаарт орохдоо өмнө энэ тухай огт олон нийтийн өмнө нээлттэй ярьж байгаагүй гэдгээ онцолсон байна.

2000 оны “Дэлхийн мисс” тэмцээний ялагч Приянка Чопра Болливудад буланд шахагдсан тул аргагүйн эрхэнд орхин гарахаас өөр сонголт байгаагүй гэжээ. Болливудад түүнтэй хамтарч ажиллах хүн олдоогүйгээр барахгүй дүрийн шалгаруулалтад оруулахгүй байсан тухайгаа ярьсан байна. 

Хэдийгээр Болливудад мандан бадарч байсан ч орон зай олдоогүйн улмаас АНУ-ыг зорин ирсэн жүжигчин бүсгүй улс төрөөс залхаж ядарсан тул завсарлага авахыг хүссэн гэдгээ ч хэлжээ. Энэтхэгт жүжиглэх ажлаасаа амралт авахаар Америкт ирсэн бүсгүй дуу хөгжмийн ертөнцөд ажиллах болж эцэст нь 2010 онд Interscope Records бичлэгийн компанитай дуучнаар гэрээ байгуулсан юм. 

Тэр Pitbull, Will.i.Am зэрэг одуудтай хамтран дуулсныхаа дараа жүжиглэх нь илүү өөрт нь тохирохыг ойлгож Холливудад жүжиглэх гараагаа тавьсан байна. ABC сувгийн “Quantico” цувралын гурван улиралд тоглосноор нэр хүнд нь өндөрт гялалзаж Холливудад өнөөдрийг хүртэл амжилттай карьераа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа