Цаг үеийн мэдээ

Дайныг эсэргүүцсэн зураг зурсан Тула мужийн Ефремов хотын зургадугаар ангийн сурагч Маша Москалевагийн аав Алексей Москалевыг Оросын армийг удаа дараа "гүтгэсэн" хэргээр хорих ангид хоёр жил хоригдох ял оноолоо. Тэрээр өөрөө шүүх хуралд оролцоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнөх шөнө түүнийг гэрийн хорионоос "зугтсан" гэж шүүх хурлын төлөөлөгч мэдэгдсэн байна. Өмнөх өдөр нь улсын яллагч түүнд хоёр жилийн хорих ял оноож, гурван жил интернэт ашиглахыг хориглож, компьютерыг нь хурааж улсын орлого болгон авахыг шүүхээс хүссэн.

Тэрээр 13 настай охиноо ганцаараа өсгөж байсан бөгөөд Одноклассники сайтад дайны тухай нийтлэл бичсэнийх нь төлөө шүүжээ. Өнгөрсөн жилийн 4 сард түүний охин сургууль дээрээ хичээлийн үеэр дайныг эсэргүүцсэн бичигтэй Украины далбаа, хүүхэдтэй эмэгтэй мөн пуужин зурсны дараа түүнд холбогдох хэрэг үүсгэсэн байна. Үүний дараа сургуулийн ажилчдын санаачилгаар тэдний гэр бүлийг цагдаа, тагнуулынхан шалгаж эхэлжээ. Энэ оны 3 сард Москалевыг гэрийн хорионд оруулахад охиныг нь хамгаалах байр руу илгээсэн байна. Охины гар утсыг хураан авч, аавтайгаа харилцахыг хориглож, эргэлтээр ирсэн хүмүүс болон сайн дурынхантай уулзахыг хориглосон байна.

Гуравдугаар сарын 12-нд Тула мужийн Ефремов хотын Насанд хүрээгүй хүмүүсийн асуудал эрхэлсэн комисс Москалевын эцэг эх байх эрхийг хязгаарлах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Мөн түүний хамт амьдардаггүй ээжийн эсрэг ижил нэхэмжлэл гаргасан байна. 

Москалевын охин Мариягийн хувь заяа ирэх сард шийдэгдэнэ. Шийдвэр гаргахдаа охины асран хамгаалагчид болон хамаатан садны хүсэлтийг харгалзан үзнэ. Охиныг асрамжийн газарт ч илгээж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа