Илон Маск, Apple компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк нарын мэдээллийн технологийн манлайлагчид аюулгүй байдлын бат бөх протоколуудыг боловсруулж, хэрэгжүүлэх хүртэл хиймэл оюун ухааны хөгжлийг түр зогсоохыг санал болгож байна.
Тэдний уриалга нь Ирээдүйн Амьдралын Хүрээлэн (Future of Life Institute) ашгийн бус судалгааны байгууллагын нийтэлсэн нээлттэй захидалд бичигдсэн бөгөөд мянга гаруй тэргүүлэх бизнес эрхлэгч, шинжээчид гарын үсэг зуржээ.
Америкийн OpenAI судалгааны лаборатори хамгийн дэвшилтэт GPT-4 чатботын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосноос хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа уг захидал нийтлэгдсэн.
Аюулгүй байдлын найдвартай протокол боловсруулж, хэрэгжүүлэхэд зургаан сар хангалттай гэж хиймэл оюун ухааны салбарын мэргэжилтнүүд болон төлөөлөгчид үзэж байна. Гэхдээ захидлын зохиогчид хоригийн шаардлагыг аль нэг компани биелүүлэхгүй бол дэлхийн улс орнуудын засгийн газруудад оролцохыг уриалж байна.
Сүүлийн үед хиймэл оюун ухааны технологи хяналтгүй хөгжиж байгаад санаа зовниж байгаагаа зөвхөн захидлын зохиогчид илэрхийлсэнгүй. ChatGPT зэрэг дэвшилтэт технологийн ёс зүй, хууль эрх зүйн үр дагаварт санаа зовниж буйг даваа гарагт Европын холбооны цагдаагийн алба Europol гаргаж, уг системийг фишинг, кибер гэмт хэрэг, ташаа мэдээлэл тараах зэрэг олон төрлийн онлайн луйврын хэрэгт ашиглаж болзошгүйг анхааруулжээ.
"Хиймэл оюун ухаан нь асар их боломжийг нээж өгч, бид бүгдэд илүү сайн ирээдүйг бий болгоход чухал хувь нэмэр оруулж чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон гэж би бодож байна, гэхдээ бид үүнтэй холбоотой эрсдэлүүд болох худал мэдээлэл, хууран мэхлэлт зэргийг мартах ёсгүй. Тиймээс эдгээр технологиудыг дүрэм журамд оруулж, хяналтад оруулах хэрэгтэй" гэж нууцлалын мэргэжилтэн Ивана Бартолетти ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Бид хэрэглэгчдэд машинтай ярьж байгааг ойлгуулах болон эдгээр машинууд доголдолтой байж болно гэдгийг мэддэг байхын тулд итгэлцлийн уур амьсгалыг бий болгох хэрэгтэй" хэмээн хэлжээ.
Хиймэл оюун ухааны технологийг дэмжигчид энэ нь ердийн олон ажлыг хялбарчлахаас гадна мэдээллийн хайлтыг илүү нарийвчлалтай болгож чадна гэж үздэг.
ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн төгсөгч Александр Жадан 2-р сарын эхээр ChatGPT ашиглан дипломын ажлаа бичиж, түүнд нэг өдөр зарцуулсан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Тэрээр ажлаа хамгаалж, түүний үндсэн дээр диплом авч чадсан. Үүний дараагаар тус сургуулийн удирдлагууд Жаданы дипломыг дахин шалгана гэдгээ мэдэгдэж, боловсролын байгууллагуудад ChatGPT ашиглахыг хориглох бодолтой байгаагаа ч илэрхийлжээ.
ChatGPT чатбот нь хариултаа хэрэглэгч бодит хүнтэй харилцаж байгаа мэт хуурмаг байдлыг бий болгож чадахаар бичдэг. Энэ нь мөн хэл ярианы өөр өөр хэв маягийг ашиглах чадвартай.
Үүний зэрэгцээ хөгжүүлэгчдийн анхааруулснаар ChatGPT нь 2021 оноос хойш болсон үйл явдал, үзэгдлийн талаар тодорхойгүй ойлголттой байгааг анхааруулж байна, учир нь түүний мэдлэгийн сан түүнээс хойш шинэчлэгдээгүй байна. Үүнээс гадна хиймэл оюун ухаан нь бодит байдалтай ямар ч холбоогүй зохиомол хариулт өгөх, логик бүтцэд алдаа гаргах зэрэг зүйл тохиолдож болох юм.
Эх сурвалж: BBC