Цаг үеийн мэдээ

Тайваний удирдагч Цай Ин Вэн АНУ-ын Нью-Йоркод газардлаа. Тэрээр Төв Америкт айлчлах замаараа АНУ-аар дамжин өнгөрч байгаа юм.

Нью-Йоркод Тайваний удирдагчийг дэмжигчид болон жагсагчид угтан авчээ. Тэрээр Гватемал, Белиз улсуудад 10 хоногийн хугацаатай айлчлахдаа хоёр удаа Америкаар дамжин өнгөрөх юм. 

Хэдийгээр дамжин өнгөрч байгаа ч Цай Ин Вэн Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг БНХАУ Конгрессийн танхимын дарга Цай Ин Вэнийг хүлээж авч уулзсан тохиолдолд Бээжин, Вашингтоны хооронд ноцтой дайсагнал бий болно гэдгийг хатуу анхааруулжээ. 

Харин Цагаан ордны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын төлөөлөгч Жон Кирби ямар нэг уулзалт арга хэмжээ товлоогүй жирийн дамжин өнгөрөх үйл явц болно гэж мэдэгдсэн байна. Ин Вэн Тайванийг удирдаж байх хугацаандаа долоо дахь удаагаа Америкаар дамжин өнгөрч байгаа ажээ.

Кирбигийн хэлснээр Тайваний бусад удирдагчид ч мөн Америкаар дамжин өнгөрөх тохиолдол нийтлэг байсан тул энэ удаагийн үйл явдлыг онцгойлох шаардлагагүй гэдгийг нэмж хэлжээ. 

1994 оноос хойш Тайваний удирдагчид нийт 29 удаа Америкаар дамжин өнгөрсөн байдаг юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа