Филиппин улсад зорчигч тээврийн гатлага онгоцон дээр гал гарч 30 орчим зорчигч амь эрсдэж, 230 орчим хүн аврагдсан байна. Лхагва гарагийн шөнө 22:40 цагт зорчигчдыг унтаж байхад “MV Lady Mary Joy 3” гатлага онгоцны агааржуулагчийн бүхээг шатаж эхэлсэн ч учир шалтгаан болоод хэрхэн гал ассан нь тодорхойгүй байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан ба нэг нь 6 сартай нярай байжээ. Гатлага онгоцны бүртгэлд ердөө 205 зорчигч бүртгэсэн байсан тул бусад зорчигчдын тоо тодорхойгүй байна. Тиймээс түймрийн үеэр сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байгаа аж.
Филиппин улсын эргийн хамгаалалтын алба эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Мөн онгоц даац хэтрээгүй болохыг тогтоосон гэж мэдэгджээ.
Гатлага онгоц дээр гал гарсны дараа зорчигчид амиа аврахын тулд аврах хантаазгүй ус руу үсэрч живсэн тохиолдол олон байна. Онгоц Филиппиний Басилан мужийн Балук-балук арлаас өөр арал руу аялж байжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр амь аврагдсан зорчигч онгоцон дээр гал гарахын өмнө дэлбэрэх чимээ сонсогдсон гэжээ.
7,000 гаруй арлаас бүрддэг Филиппин улсын нутаг дэвсгэрт далай тэнгисийн аюулгүй байдал сул мөрдөгддөг тухай эх сурвалжид онцолсон байна. Гатлага болон усан онгоцнууд даац хэтрүүлэх тохиолдол нийтлэг ба хэрэглээнээс гарсан онгоцыг одоо ч ашигласаар байдаг аж.
Эх сурвалж: ВВС