АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Гэвч Манхэттэний дээд шүүгч түүний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй хэргийг шүүн хэлэлцэх тухай CNN агентлаг мэдээлжээ. АНУ-ын төрийн тэргүүн гэмт хэргийн зүйл заалтаар буруутгагдаж буй анхны тохиолдол болж байна.
Трамптай холбоотой хэргүүдээс олны анхаарлыг хамгийн их татаад буй нь насанд хүрэгчдэд зориулсан киноны од байсан Сторми Дэниелсд хууль бусаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн явдал юм. Дональд Трамп 2016 онд Америкийн төрийн тэргүүнээр сонгогдохоосоо өмнө Сторми Дэниелс рүү 130,000 ам.доллар шилжүүлжээ. Хэрэв уг мөнгийг бизнесийн үйл ажиллагааны бүртгэлд оруулаагүй бол хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Гэвч Трамп бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зарцуулсан гэж бүртгүүлсэн нь порн одыг сонгуулийн өмнө чимээгүй байлгах зорилготой байсан гэж үзжээ.
Сторми Дэниелс нь Трампыг Ерөнхийлөгч болохоос 10 жилийн өмнө янаг амрагийн харилцаатай байсан гэдгээ олон нийтэд мэдэгдэж, түүнийг дэмжиж байгаа хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Дэниелсийн жинхэнэ нэрийг Стефани Клифорд гэдэг бөгөөд 2006 оны долдугаар сард гольфын тэмцээний хандивын арга хэмжээн дээр Трамптай танилцжээ. Тэргүүн хатагтай асан Меланиаг Баррон хүүгээ төрүүлсний дараахан Дэниелс Дональд Трамптай Лэйк Тахое амралтын газрын зочид буудлын өрөөнд нэг удаа дотно харилцаанд орсон гэдгээ хэлсэн байна.
Трампын эсрэг тулгаж буй хэргийн зүйл заалтыг тодорхой болгоогүй ч ирэх долоо хоногийн мягмар гарагт шүүхийн сонсголд биечлэн ирэх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хууль ёсны дагуу хэргийг шийдүүлэхийн тулд Трамп Флоридагаас Нью-Йоркод ирнэ гэсэн мэдээлэл байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 4 жил хорих ял сонсох аж. Гэхдээ ийм төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн торгуулийн ял шийтгэл оноодог байна.
Эх сурвалж: ВВС, CNN