Цаг үеийн мэдээ

Тайланд улсад жил бүрийн 11-ээс гуравдугаар сарын хооронд хуурай уур амьсгал зонхилдог тул агаарын бохирдол тулгамдсан асуудал болдог байна. Фермерүүд чихрийн нишингэ болон будааны талбайгаа цэвэрлэхийн тулд хатсан өвс ургамлыг шатааснаар агаарын бохирдол улам нэмэгддэг ажээ. 

Гэвч энэ жил урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарын бохирдол онцгой их байгааг иргэд хэлж байна. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар 2023 он гарснаас хойш эхний есөн долоо хоногийн буюу хоёр сар гаруйн хугацаанд тус улсын 1.3 сая гаруй иргэн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр өвчилжээ. 

Гуравдугаар сарын эхний долоо хоногт л гэхэд 200,000 орчим хүн агаарын бохирдлын улмаас өвдсөн байна. Агаарт агуулагдаж буй бичил тоосонцор РМ 2.5 урьд өмнөхөөс огцом өссөнийг мэргэжилтнүүд мэдээлжээ. Бохирдол хамгийн их байгаа Чианг Рай болон Чианг Май мужуудад РМ 2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс 125 дахин их байгаа юм. Энэ тохиолдолд нүд, арьс загатнах, цаашлаад уушги, цусанд нэвчсэнээр амьсгалахад хүндрэлтэй болж ханиалгах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. 

Эрх баригчид агаарын тоосжилтыг намжаахын тулд гал сөнөөгч машинуудаар ус цацсан ч энэ нь түр зуурын аргацаасан явдал гэж иргэд шүүмжилж байна. Энэ долоо хоногт Чианг Рай мужийн Мае Сай дүүрэгт орон нутгийн захиргааны байрны гадаа 200 орчим иргэн жагсаж агаарын бохирдолтой тэмцэхийг эрх баригчдаас шаардан жагсжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа