Рамен зоогийн газарт япончуудын мөрддөг бичигдээгүй дүрэм бол аль болох хурдан идэж дуусгаад гарч яван дараагийн үйлчлүүлэгчдийн цагийг бага үрэх юм. Токио хотод байрладаг Дэбу-Чан нэртэй рамены зоогийн газарт уг бичигдээгүй дүрмийг бодитоор хэрэгжүүлэх алхам хийсэн байна.
Үйл ажиллагаагаа эхлээд тав дахь жилтэйгээ золгож буй Дэбу-Чан зоогийн газрын эзэн Кота Кай үйлчлүүлэгчдийг утсаа оролдон удаан идсэнээр дараагийн үйлчлүүлэгчид урт дараалал үүсгэн үнэтэй цагаа барж буйд сэтгэл нь ихэд эмзэглэжээ. Тиймээс үйлчлүүлэгчдийг рамен идэж байх үедээ гар утас ашиглахыг хориглосон дүрэм гаргасан байна. Энэ дүрэм цахим сүлжээнд багагүй маргаан өрнүүлжээ.
Кота Кайн хэлснээр нэг үйлчлүүлэгч рамен нь ширээн дээр ирчхээд байхад дөрвөн минутын турш хоолоо идэлгүй утсаараа бичлэг үзсэнээс хоол нь хөрсний дээр завгүй их хотын бусад үйлчлүүлэгчдийн цагийг хумсалж байгааг анзаарсан тухай ярьсан байна. Уг зоогийн газарт Японы баруун нутгийн Хаката мужийн өвөрмөц раментай тул үйлчлүүлэгчид ихтэй аж.
Тус зоогийн газарт хийдэг гоймон ердөө нэг мм өргөн бөгөөд гоймонг сунгаж нарийсгасан байдаг тул буцаж харихаас нь өмнө аль болох хурдан буцалгаж, тэр даруй үйлчлүүлэгчдэд хүргэдэг байна. Гэтэл дөрвөн минутын турш хоолоо идэлгүй хөргөснөөс сунасан гоймон буцаж бүдүүрэн онцлогоо алддаг гэжээ. Кайн хувьд рамен бол ердөө нэг хоол биш бөгөөд нэгэн төрлийн энтертайнмент соёл гэж үздэг байна.
Дэбу-Чан хоол идэх үедээ гар утас хэрэглэхийг хориглосон анхны зоогийн газар биш юм. Сингапур дахь МакДональдсын нэг салбар 2017 оноос “Утсаа унтраагаад хөгжилд” кампанит ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Үйлчлүүлэгчдэд хоол идэхийн өмнө утсаа хадгалдаг тусгай сав бэлтгэж өгсөн байна. Ингэснээр хүмүүс хоол идэж байхдаа хамт явж байгаа гэр бүл, найз нөхдөдөө илүү цаг заваа зориулна гэж үзжээ.
Гар утас ашиглахыг хориглосон газар зоогийн газруудаар ч зогсохгүй. Тухайлбал 2021 онд Токиогийн Адачи хүрээлэнд үйлчлүүлэгчдийг дугуй унаж, эсвэл алхаж байхдаа гар утас ашиглахыг хориглох шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: CNN