ОХУ-ын Санкт-Петебург хотын кафед болсон арга хэмжээний үеэр бэлгийн хайрцагт байсан бөмбөг дэлбэрч 40 настай цэргийн блогчин Владлен Татарский амиа алдсан юм. Телеграмдаа 500,000 гаруй дагагчтай, жинхэнэ нэрийг нь Максим Фомин гэгч уг дэлбэрэлтийн үеэр амиа алдсанаас гадна 30 орчим хүн гэмтэж бэртжээ.
Оросын цагдаа нар уг халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж 26 настай Дарья Трепова гэдэг эмэгтэйг баривчлан саатуулсан байна. Уг эмэгтэй дэлбэрэлт болно гэдгийг мэдээгүй тухайгаа цагдаа нарт мэдүүлсэн ч түүнийг тэсрэх бөмбөгийг зөөвөрлөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Оросын терроризмтой тэмцэх хороо уг халдлагыг Украины талынхан зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа ажээ.
Сэжигтнээр баригдсан Трепова Оросын сөрөг хүчний удирдагч, шоронд хоригдож буй Алексей Навальныйг дэмждэг гэж мэдээлжээ. Тиймээс Украины тусгай хүчин Навальныйгийн дэмжигчидтэй хамтарч халдлагыг сэдсэн гэж үзжээ.
Түүнчлэн Трепова дэлбэрэлт болохын өмнөхөн Татарскийтай ярьсан гэдгийг гэрчлэх баримт олдсон байна. Гэрчийн мэдүүлснээр үл таних эмэгтэй Татарскийд ямар нэг зүйл өгсөн ба хамгаалагчид түүнийг хаалган дээрээс буцаахыг харсан гэжээ.
Украины талаас уг халдлагыг Кремлийг дэмжигч бүлгүүдийн зохион байгуулсан үйлдэл гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: The Guardian