Цаг үеийн мэдээ

Шотландад тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өөрөө жолоодлоготой нэг давхар таван автобусыг зорчигч тээврийн шугамд ашиглахаар болжээ. Энэ нь жолоочгүй автобусыг нийтийн зорчигч тээвэрт албан ёсоор ашиглаж буй дэлхийн анхны тохиолдол болох юм. 

Эдинбургийн цэцэрлэгт хүрээлэн болон Фэрритолл цэцэрлэгт хүрээлэнгийн хооронд зорчих Stagecoach компанийн автобуснуудад аюулгүй байдлын жолооч болон шалгагч хамт зорчих ажээ. Эдгээр автобуснууд долоо хоног тутамд 10,000 зорчигчийг 22.5 км замын чиглэлд тээвэрлэх юм байна. 

Түүнчлэн жолоочгүй автобуснуудад урьдчилан сонгосон замд 80 км/цаг хүртэл хурдтай зорчих мэдрэгч суулгана гэжээ. Энгийн автобусанд нэг жолооч байдаг ч жолоочгүй автобусанд ажиллах хоёр хүний нэг нь жолоочийн суудал дээр сууж технологийг хянах бол үлдсэн ажилтан зорчигчдыг бууж суухад туслах юм байна. 

Их Британи даяар бүрэн жолоочгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар бүрэн зөвшөөрөөгүй байдаг тул аюулгүй байдлын жолоочийг өөрөө жолоодлоготой тээврийн хэрэгслүүдэд бүтэн цагаар ажиллуулах шаардлагатай юм. 

Уг ажил нь ирээдүйд жолоочгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд нэвтрүүлэхэд чухал туршилт болно гэж Их Британийн хамгийн том автобус тээврийн компани болох Stagecoach-ийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Ингэснээр зорчигчдод илүү аюулгүй, түргэн шуурхай, найдвартай зорчих боломжийг бүрдүүлнэ гэж итгэж байна.

Одоогоор гарч байгаа зам тээврийн ослын 88 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг ажээ. Эдинбургээс гадна Женев, Кронах, Осло хотуудад 2025 оноос эхлэн цахилгаан бага оврын жолоочгүй автобуснуудыг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Мөн Ром, Сөүл зэрэг хотуудад богино зайд жолоочгүй тээврийн хэрэгсэл зорчуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа