Цаг үеийн мэдээ

Бразилын Санта Катарина мужийн Блюменау хотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт сүхээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд дөрвөн хүүхдийн амийг хөнөөж, таван хүүхдийг гэмтээж шархдуулсан байна. 

Амь үрэгдсэн хүүхдүүд 5-7 настай гурван хөвгүүн, нэг охин байжээ. Цагдаа нар 25 настай эрэгтэйг сэжигтнээр баривчлан саатуулаад байна. Сэжигтэн Кантино Бом Пастор цэцэрлэгийн хашааг давж тоглоомын талбайд ойртон халдлага үйлджээ. 

Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ хамгаалахаар тоглоомын талбай дээр ирэхэд сэжnгтэн гарч зугтсан ч удалгүй цагдаагийн газарт өөрөө ирж хэргээ хүлээсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

Тус улсын Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва болсон явдалд гүн эмгэнэл илэрхийлж, үр хүүхдүүдээ алдсан гэр бүлд үүнээс илүү зовлон шаналал үгүй хэмээн хэлжээ. 

Бразилын сургууль, цэцэрлэг боловсролын салбарт ойрын жилүүдэд халдлага дайралт гарах тохиолдол нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Сан Паолод сурагч хүйтэн мэсээр багшийгаа хороосон хэрэг гарчээ. 2000-2022 оны хооронд сургууль цэцэрлэгүүдэд 16 удаагийн халдлага гарсан тоо байна.

Эх сурвалж: The Guardian, CNN

Таны сурталчилгаа